Үндэсний бөхийн томоохон цолтой бөхчүүд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэх асуудал бөхчүүд, бөх сонирхогчдын дунд маргаан дагуулсаар байгаа. Тэдний дундаас улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нар “Допинг хэрэглээгүй. Бэртлээ эмчлэх зорилгоор эмчийн зааврын дагуу эм ууж хэрэглэсэн” хэмээн мэдээлж байлаа.
Тэгвэл Улсын гарьд Ө.Бат-Орших уг асуудлаар шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхт болсон байна. Шүүх бүрэлдэхүүн “Допинг хэрэглээгүй” гэсэн тогтоол гаргасан байна.
Хуулиараа анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногт багтан давж заалдах эрх бий. Гэхдээ давж заалдагч тал буюу Монголын үндэсний бөхийн холбоо гэх байгууллагын тамга тэмдгийг шүүх хүчингүй болгоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн өмнө хүчин төгөлдөр бичиг баримттай, давж заалдах чадамжтай холбоо байхгүй байна. Цаашилбал, хуулийн чадамжгүй бөхийн холбоо бөхчүүдийн баяр наадмаар барилдах эрхийг хасах боломжгүй бөгөөд барилдах эрхийг хассан үндэслэл болох допингийн асуудлыг ийнхүү шүүх няцаагаад байгаа юм.
Ямар бөх барилдаж болох эс болох асуудлыг Үндэсний баяр наадам зохион байгуулах комисс шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл (48)