Хуульчийн мэргэжлийн шалгалттай холбоотой асуудлаар Монголын Хуульчдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Шалгалтыг ирэх есдүгээр сарын 26,27-ны өдрүүдэд авахаар болжээ.
Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах, шалгалтыг зохион байгуулах, үр дүнг хэлэлцэж, ирэх жилийн шалгалттай холбоотой тодорхой асуудлыг шийдвэрлэх болон холбогдох арга хэмжээг авах зэрэг ажлууд явагддаг байна. Энэ хүрээнд шалгалтын зохион байгуулалтын комиссыг хуучин мэргэжлийн шалгалтын асуудал эрхлэх хорооноос байгуулсан талаар албаныхан мэдээлж байна.
Шалгалтад анх удаа орох гэж байгаа иргэд Хуульчдын холбооны сайтаас мэдээлэл авах ба онлайнаар бүртгүүлэх юм. Хуульчийн шалгалтыг хоёр төрлөөр авахаар төлөвлөжээ. Үүнд, сорилгын болон бодлогын шалгалт багтжээ. Тодруулбал сорилгын шалгалтад 200 асуулт байх ба энэ нь 40 онооноос бүрдэх юм. Шалгуулагч 24 оноо буюу түүнээс дээш дүнтэй байж дараагийн сорил өгөх эрхтэй болно. Бодлогын шалгалтад Иргэний болон Эрүүгийн эрх зүй, Захиргааны эрх зүй гэсэн гурван төрөл багтжээ. Энэ нь шалгуулагчийн мэргэжлийн мэдлэг чадварыг сорих зорилготой аж. Бодлогын шалгалт нь 60 оноотой бөгөөд нийт онооны 70 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэх юм.
Шалгуулагч дараах болзлыг хангасан байх шаардлагатай. Үүнд:
-Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль төгссөн байх,
-Хуульчийн мэргэших дадлагыг 2-оос доошгүй удаа хийсэн байх гэсэн үндсэн шаардлагыг хангасан хүн шалгалтад орно.
Хуульчийн шалгалтыг жилд 1000-1300 орчим хүн өгдөг байна. Үүнээс шаардлага хангаагүй иргэдийг шүүхэд ихээхэн хүндрэл гардаг учраас шалгуулагч дээрх хоёр шаардлагыг хангаагүй бол хүндрэл учруулахгүй байхыг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байлаа.
Сорилын шалгалтад зориулж “Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын хураамж” гэсэн гарын авлага гарчээ. Үүнээс шалгуулагч бэлтгэл ажлаа хангах боломжтой юм байна. Хуульчийн мэргэжлийн шалгалт өгөх иргэд өнөөдрөөс эхлэн ирэх наймдугаар сарын 26-ны 00:00 цагийг хүртэлх хугацаанд бүртгүүлэх боломжтой.
Б.Цэрэнлхам