Цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ой энэ сарын 16-20-ны өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр Замын цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн “Дэд хурандаа” цолоор нэг алба хаагч, “Ахмад” цолоор нэг алба хаагч цол, мөрдөсөө гардан авсан юм.
Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан зургаан алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр, “Хүндэт жуух” бичгээр хоёр алба хаагч , Замын цагдаагийн албаны даргын тушаалаар найман алба хаагчийг “Баярын бичиг”-ээр, Зам тээврийн хөгжлийн яамны “Хүндэт жуух” бичгээр хоёр алба хаагчийг тус тус шагналаа.
Түүнчлэн Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газраас нийслэл хотын хэмжээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “Hyundai Accent” маркийн автомашин гурван ширхэг, “Ural” маркийн мотоцикль таван ширхэгийг хүлээлгэн өгөв.
Б.Цэрэнлхам