Завхан аймгийн Яруу суманд Түмэн адууны баяр дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Баяр наадмын үеэр хүчит бөхийн барилдаан болоход Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян” дэвжээний бөх, улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэв.
Т.Бэгзсүрэнгийн хувьд өнөө жилийн Улсын баяр наадмын зургаагийн даваанд гарьд Н.Ганбаатарыг зургаа давж харцага цол хүртсэн бөгөөд наадмаас хойшхи анхны барилдаан нь энэ байв. Түмэн адууны баярын барилдааны их шөвөгт улсын начин Б.Чимэдвандан, аймгийн арслан Ч.Мөнхтогтох нар шалгарсан байна.
С.Нацаг