Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга Юрий Власко агсаны нэрэмжит 23 хүртэлх насны олон улсын тэмцээнд манай улсаас 40 гаруй тамирчин зодоглосноос хоёр мөнгө, долоон хүрэл нийт есөн медаль хүртлээ.
Тодруулбал, 57 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д Красноярскийн “Алтан Гранпри”, “Монголиа Опен” олон улсын тэмцээний хүрэл медальт, ОУХМ Ц.Цогбадрах мөнгө, 57 кг-д М.Даваабанди, 65 кг-д Г.Ханбүргэд, 70 кг-д Х.Хишигбат, 74 кг-д Д.Батзул, 92 кг-д Н.Шинэтөр, 97 кг-д Т.Мөнгөншагай, О.Бат-Эрдэнэ нар хүрэл медалийн эзэн болов.
Анхдугаар тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Красноярск, Якут, Тува, Кемерово, Новосибирск, Эрхүү, Хакасия, Междуреченск, Забайкальский, Красноярский крайгийн нийт 220 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв.
Тус тэмцээнийг олон улсын шүүгч, чөлөөт бөхийн ОУХМ Г.Амархүү, олон улсын шүүгчийн болзол хангаад байгаа М.Энхмөнх, Б.Энхжин, улсын шүүгч Э.Идэрцэцэг нар дэнсэллээ.
Б.Лхам