
АНУ-ын Нью-Мексико мужийн шүүх Facebook, Instagram-ийн эзэмшигч "Meta Platforms" компанид хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд учруулсан хохирлыг барагдуулах зорилгоор 567 сая ам.долларын төлбөр төлөх шийдвэр гаргажээ. Энэ нь сошиал медиа компаниуд хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар хүлээх хариуцлагын талаар гарсан хамгийн том шийдвэрүүдийн нэг болж байна.
Шүүхийн шийдвэрээр Meta компани зөвхөн мөнгөн төлбөр төлөхөөс гадна Facebook, Instagram платформуудаа хүүхэд, өсвөр үеийн хэрэглэгчдэд илүү аюулгүй болгох олон өөрчлөлт хийх ёстой болжээ. Үүнд өсвөр насныхны хэрэглээг хязгаарлах, шөнийн цагаар мэдэгдэл илгээхийг багасгах, насанд хүрэгчид болон насанд хүрээгүй хэрэглэгчдийн харилцаанд илүү хатуу хяналт тавих зэрэг арга хэмжээ багтсан байна.
Нью-Мексико мужийн прокурорууд Meta-г платформуудаа зориудаар хэрэглэгчдийг удаан хугацаагаар байлгахаар зохион бүтээсэн, үүний улмаас хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл санааны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэж буруутгасан юм. Мөн компани хүүхдүүдийг онлайн мөлжлөг, зохисгүй контентоос хамгаалах хангалттай арга хэмжээ аваагүй гэж үзжээ.
![]()
Шүүхийн шийдвэрийн дагуу торгуулийн мөнгөнөөс ойролцоогоор 420 сая долларыг хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн эмчилгээ, дэмжлэгийн хөтөлбөрүүдэд зарцуулах бөгөөд үлдсэн хэсгийг урьдчилан сэргийлэх, боловсролын арга хэмжээнд зориулах юм.
Энэ хэрэг нь 2023 онд эхэлсэн бөгөөд Нью-Мексико муж Meta-г хүүхдийн аюулгүй байдлыг зөрчсөн, платформын эрсдэлийн талаар эцэг эх, хэрэглэгчдэд бүрэн мэдээлээгүй гэж шүүхэд өгсөн юм. 2026 оны эхний шатны шүүх хурлаар тангарагтны шүүх Meta-г мужийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн гэж үзэж, өмнө нь 375 сая долларын торгууль ногдуулсан байв.
Meta компани уг шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, давж заалдахаа зарласан байна. Тус компани хүүхдийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд олон жилийн турш хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр нь компанийн хийж буй ажлыг буруу ойлгосон гэж мэдэгджээ.
Энэ хэрэг нь зөвхөн Meta-д хамаарахгүй, харин TikTok, YouTube зэрэг томоохон сошиал платформууд хүүхдийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөөний төлөө хуулийн хариуцлага хүлээх эсэх асуудлыг АНУ болон бусад оронд дахин хурцаар тавьж байна.
Л.Баяр















































