“Бухарест-2018” 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа манайхны гурав дахь хүрэл медалийн эзэн боллоо. Өнгөрсөн жил Польшид болсон “U-23”-ын анхны ДАШТ-д 60 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан тэрбээр Бухарестэд амжилтаа ихэрлүүлж, хос медальтан болж байна.
Э.Гантуяа өчигдөр 1/8 шигшээ барилдаанд “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, Японы Юүкако Кавайд оноогоор цэвэр (2:12) ялагдсан билээ. Японы бөх шигшээд шалгарсан тул манай бөхөд дагах барилдаан гарсан. Өнөөдөр үдээс өмнө дагах барилдаанд Беларусийн Кристина Сазыкинаг оноогоор цэвэр (14:2) цэвэр, дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ЕАШТ-ий медальт эзэн орны Кристу-Тунде Инцетэй хүч үзэв. 53 кг-ын жинд Б.Болортуяа хүрэл медалийн төлөөх барилдаанд Румыний бөх Ана Андреа Беатрист ялагдсан хариуг Э.Гантуяа түүнээс авч, нутгийн бөхийг дэвжээн дээр нь олон үзэгчдийнх нь өмнө 4:2-оор илүүрхлээ.
Л.Сайнаа