Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхижуулах, сурагчдын сурлагын чанарыг сайжруулах, АИТХ-ын "Хөрш орноосоо суралцъя" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ОХУ-ын Эрхүү хотын Багшийн их сургуультай хамтын ажиллагаатай ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын Багшийн их сургуулиас 2016 онд 12, 2017 онд 6 багш Дорноговь аймгийн ЕБС-иудад ажилласан бол энэ онд зургаан багш нар Замын-Үүд суманд 14 хоногийн хугацаатай ажиллахаар ирээд байна.
Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг болон ЕБС-иудын орос хэлний багш нар 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч уулзаж, орон нутгийн онцлог, боловсролын салбар хэрэгжиж буй бодлого шийдвэр, ололт амжилтын талаар танилцуулж, цаашдын сурган хүмүүжүүлэх үйлсэд нь амжилт хүссэн юм.
Тус багш нар Замын-Үүдийн нэг, хоёр, гуравдугаар сургуулийн багш нартай хамтран хичээл заах, хоёр улсын түүх соёл, ёс заншлыг сурталчлах, мэдлэг, арга зүй, хэлний чадварыг хөгжүүлэх чиглэлээр арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллах юм.
Р.Хишигээ