Олдвол өлддөгийн үлгэрийг энэ удаагийн парламент, эрх баригч МАН баталж байна. УИХ-ын сонгуулийн дараа 65-уулаа парламентад орох эрхээ аван ялалтын оргилуун дарсаа тулгаж байхаасаа л олон гишүүнтэйн зовлон нь эхэлсэн эрх баригчид эдүгээ хоёр дахь Засгийн газраа унагах эсэхээ хэлэлцэх гэж байна. Ялалтын дарсны бөглөө мулталсан цагаас хойш ердөө хоёр жил гаруйн хугацаанд хоёр дахь Засгийн газраа огцруулах эсэхээ яриад сууж байна гэдэг энэ нам эргэж нийлэхгүйгээр задралд орсныг харуулж байна. Гэхдээ энэ задрал нь үнэт зүйл дагасан задрал биш үнэ мөнгө дагасан бутрал байгаа нь харамсалтай. Өчигдрийн өргөн барьсан, бүлгийн дарга асны албан бланк дээр мутрын үсгээ зурцгаасан гишүүдийн нэрсээс харвал шүү дээ. Учир нь Засгийн газрыг огцруулах үндэслэлд дурдсан үйл явдлуудын оролцогчид нь гарын үсгээ зурсан 27 гишүүний олонх өөрсдөө байх нь хувь заяаны шоглоом юм даа. Эхлээд Д.Хаянхярваа гишүүн Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдээ юу гэж тайлбарласныг дахин санацгаая.
Нэгдүгээрт, ЖДҮХС-гийн зээлийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдэд олгосон сайд, нэр бүхий хүмүүст хариуцлага тооцохгүй байна. Хариуцлага тооцохыг удаа дараа Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн ч одоо хүртэл хариу өгөхгүй байна. Тиймд эрх мэдлээ урвуулан ашиглаж ард түмнийг хохироосон энэ хүмүүсийг Ерөнхий сайд хаацайлж байна гэж ойлгож байна.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн. Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа тайлагнаж, УИХ-ын өмнө хуулийн хэрэгжилтийг ханган биелүүлэх ёстой юм. Тэрээр өөрөө ч Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж чадахүйгээ зарласан. Энэ нь нийгмийг тэгш бус, эмх замбараагүй байдалд хөтөлж байна. Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна.
Гуравдугаарт, гадаадын иргэнд лиценз дамлан зарсан сайд нарт хариуцлага тооцохыг шаардсан ч ёс зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн чадамжгүй гэж үзэж байна.
Дөрөвдүгээрт, 2018 оны төсөв хэлэлцэх үед Ерөнхийлөгч аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт хийх талаар удаа дараа шаардлага тавьсан. Үүнийг хүлээж аваагүйн улмаас Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа.
Тавдугаарт, мөнгө угаасан, оффшор бүсэд байгаа мөнгийг эх орондоо буцааж оруулж ирнэ гэж амласан ч түүндээ хүрч чадсангүй. Ямар нэг арга хэмжээ авсангүй.
Зургадугаарт, төрийн хамгаалалтад байсан албан хаагчид биенээ хөнөөсөн, Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн худалдаалах гэмт хэрэг гарч байхад Ерөнхий сайд анхааралдаа авч, арга хэмжээ аваагүй байсаар байна. Засгийн газартай тохиролцож ийм ажиллагаа явуулсан гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолд халдсан хэрэг болсон…
Одоо харин Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүнийг эрх ашиг хийгээд, гарын үсэг зурах үндэслэлийг тодорхойлъё.
Орлон тоглогч: Үйл явдал Д.Хаянхярваа гишүүн МАН-ын бүлгийн даргын албан тушаалаасаа огцорсны дараахөн өрнөж буй ч тэрбээр Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярих болно гэдгээ бүлгийн дарга байхдаа чуулганы индэр дээрээс хэлж байсан. Засгийн газрыг огцруулах албан бичиг өөрийн албан бланк дээр өргөн барьснаар ийм бичиг хоёр дахь удаагаа түүний нэрээр улс төрийн түүхэнд үлдэж байна. Эхлээд 2014 оны аравдугаар сарын 16-нд Д.Хаянхярваа гишүүний албан бланк дээр 28 гишүүн гарын үсэг зурж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьж байлаа. Тэр үед МАН нам УИХ-д 26 суудалтай, цөөнх байсан юм.
Гол дүр: Албан бланк дээрээ гарын үсэг цуглуулж, ардын өмнө ил гарснаараа Д.Хаянхярваа гишүүн гол дүр мэт харагдавч үнэн хэрэгтээ энэ хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь УИХ-ын дарга М.Энхболд. Нэг ёсондоо УИХ-ыг тараана гэсэн өөрт ногдоогүй эрх мэдлийг агуулсан үг хэлснийх нь төлөөс У.Хүрэлсүхэд ингэж бууж байна. Тэр бол энэ удаагийн улс төрийн гол дүр.
Амиа хоохойлогч: Засгийн газрыг огцруулах үндэслэлийн нэг нь уг нь Зам, тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг байлаа. Энэ хэрэг гарах үед салбарын сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ гишүүн У.Хүрэлсүхийн танхимыг огцруулах бичигт гарын үсэг зурснаар “Би л биш бол өөр хэн ч биш” гэдэг үзэлтэн гэдгээ батлав.
Огцрох болзол: У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох эсэхээс үл хамааран сайдын суудлаасаа сайн дураараа татгалзсан хүн бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа боллоо. Энэ бичигт гарын үсэг зурсан цагаас эхлээд сайдаар ажиллах эрхээ хязгаарлалаа гэсэн үг.
Хорсогч: Намын тамгагүй Ерөнхий сайд хүчгүй байдгийг биеэрээ мэдэрсэн 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, намын тамгатай ч бүлэгтээ харьяалалгүй Ерөнхий сайдад УИХ-ын гишүүний кнопын үнэ ямар байдгийг мэдрүүлэхээр шийджээ.
Өшөө авагчид ил гарав
Ж.Мөнхбат: Нэгэн цагт У.Хүрэлсүхийн амин найз байсан Ж.Мөнхбат гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас бууснаасаа хойш л намын даргадаа илээр дайсагнах болсон. Түүний хувьд энэ удаагийн огцруулах бичиг өшөө авах сайхан боломж.
Б.Чойжилсүрэн: Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Сангийн сайд тэрбээр сэхээнд орсон эдийн засгийн сэргээж чадлаа хэмээх пиараа дөнгөж эхлүүлж байтал Засгийн газар огцорсон.
Б.Бат-Эрдэнэ; Нэр цэвэр, гар цэвэр хэмээн өөрийгөө тоодог түүний дотор “Мөнхийн сайд байх” хүсэл асч байдаг. Намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч ялалтаа худалдсан гэгддэг түүнд зодог шуудгаар бамбай хийсэн жудаг байдаг мэт харагддаг ч үнэн хэрэгтээ өчүүхэн эрх ашгаа өндөрт тавьдаг гэдэг нь Батлан хамгаалахын сайдаар ажилласан богинохон хугацаа нь гэрчилдэг.
Д.Оюунхорол: Засгийн газартаа нөлөө бүхий сайд байж бүх л хорыг зуурдаг, зурдаг байсан тэрбээр эрх мэдлээ сэргээхийн төлөө энэ бичигт гарын үсэг зурав.
Н.Номтойбаяр: Үнэндээ тэр “Ерөнхий сайд” байсан юм. Нэр нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар гэгддэг байсан ч нэдэр дээрээ Н.Номтойбаяр бүх асуудлыг шийддэг байлаа. Ж.Эрдэнэбатын сонгуулийн санхүүжүүлэг, амин найз тэрбээр аядуу зөөлөн Ерөнхий сайдын өмнүүр гишгэж шийдвэр гаргах нь элбэг байсан гэгддэг билээ.
Ц.Мөнх-Оргил: Ж.Эрдэнэбатын Засгийн газрын туг нь явсан түүнд Засгийн газрынх нь уналт цохилт болсон. Эргээд сайд болох хүсэл нь унтрахгүй яваа экс сайд нарын нэг.
Булхай илрэв: Хууль зүйн сайд байхдаа өөрийн хувь эзэмшдэг “Алтай трест” компанид концессын гэрээ авч өгсөн асуудалд нэр нь холбогдож байхдаа С.Бямбацогт гишүүн “Би ажлаа өгч байгаад энэ асуудлаар шалгуулахад бэлэн” хэмээн мэдэгдэж байлаа. Удалгүй Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон ч Хууль зүйн сайд асан Концессын гэрээг өөрийн компанидаа авч гэгдэж байсан хэрэг тэгсхийгээд намжсан. Шалгуулна гэдгээ чуулганы индэр дээрээс мэдэгдсэн эрхэм гишүүн ч тэр чигээрээ таг болсон юм даг. Харин саяхнаас түүний компани Концессын гэрээнд холбоотой болох нь баримтаар нотлогдсон билээ. Түүний гарын үсэг зурсан шалтгаан нь огцорсон сайдын хорсол гэхээс илүү “Булхай илэрсэн нь” болсон.
“Ичсэн хүмүүс хүн алав”
Засгийн газрыг огцруулах бичгийн бас нэгэн үндэслэл нь ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компанид зээл авсан эздэд хариуцлага тооцохгүй байгаа тухай. Гэтэл өөрсдийн хамаарал бүхий компаниараа энэ сангаас зээл авсан гэсэн асуудалд нэр холбогдсон гишүүд энэ бичигт гарын үсэг зурсан байх нь “Ичсэн хүн хүн алав” гэдэг хэлц үгийг амилуулав. Засгийн газрыг огцруулах үндэслэлийн нэг нь ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан хүмүүст хариуцлага тооцохгүй байгаа нь юм бол энэ сангаас хамаарал бүхий компаниараа мөнгө авсан нь тогтоогдсон УИХ-ын гишүүд яах вэ гэдэг асуулт хариултгүй үлдэхгүй нь лав биз ээ!!!
Б.Саранчимэг: Төрсөн дүүтэйгээ мөр зэрэгцэн УИХ-д суусан эрхэм гишүүн түүнээс өөр үгүй. Өнгөрсөн өдрүүдэд дэлгэгдсэн ЖДҮ-ийн сангаас мөнгө авсан, гишүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэг нь гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн компани байсан юм. Түүний “Сингапурхэльткейр сентр” ХХК 800 сая төгрөг ЖДҮХС-гаас авсан баримт бий.
Г.Тэмүүлэн: Түүний ээж Д.Дэнсмаа “Спа цогцолбор” компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон. Энэ зээлийг 2017 оны есдүгээр сарын 28-нд авсан байдаг юм.
Б.Ундармаа: Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг гэж дурдсан “Доктор МЭИК” компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөг зээлсэн. Дашрамд дурдахад түүний Хөрөнгө орлогийн мэдүүлэгтээ дурдсан компаниудын үнэ цэнэ 128 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа билээ.
Н.Оюундарь: Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрөө 80 хувийг нь эзэмшдэг гэж мэдүүлсэн “Рэд стар клуб”-ээрээ дамжуулан ЖДҮХС-гаас 950 сая төгрөг авчээ. Энэ баримт дэлгэгдэх үед тэрбээр “Энэ компанийг манай хүү удирддаг.” Хэмээн булзааруулж байлаа.
Хонжоо: Зам тээврийн салбарт гараа гүн дүрсэн Б.Дэлгэрсайхан гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурснаар Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатартай ойлголцохгүй, магадгүй түүний бизнесийг сайд нь дэмжихгүй байгаа гэдэг нь харагдаж байна. Магадгүй УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг солих тухай яриа түүнийг Засгийн газрын эсрэг босгосон байх магадлалтай. Д.Жигжиднямаа, Б.Дэлгэрсайхан гишүүн хоёрыг төмөр замын бизнесийн хамтрагчид гэдэг билээ.
Горилогчид
Тэд бол дараагийн ээлжнийхэн. Нэг үгээр хэлбэл, сайдын суудал горилогчид. Д.Хаянхярваа гишүүний засаг огцруулах санаархал энэ удаагийн УИХ-аас сайд болоогүй цөөхөн хэдийнх нь цээжинд сайд болох санаархлыг асааж орхисон нь энэ. Тэд бол Н.Ганболд, Ё.Баатарбилэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, А.Ундраа, Л.Энх-Амгалан, Г.Мөнхцэцэг, М.Билигт, Н.Амарзаяа гишүүн нар билээ.
С.Нацагтовуу
Сэтгэгдэл (31)