Энэ долоо хоногт олон хүүхэд сүрьеэгийн халдвар авсанд албарын сайд нь хариуцлага хүлээхгүй гэж гэдийсэн, төр нийгмийн зүтгэлтэн амиа алдсан гээд харуусал, дуулианаар дүүрэн үйл явдалтай байв. Ингээд үйл явдлыг хураангуйлан хүргэе.
-АН-ын дэд дарга Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ-
Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, АН-ын дэд дарга Г.Батхүү энэ сарын 17-ны орой Төрийн ордны баруун жигүүрийн гонхноос унаж нас барьсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл өнгөрөгч баасан гарагт талийгаачийг сүүлчийн замд нь үдэх ёслол боллоо. Талийгаачид тохиолдсон уг харамсалтай хэрэг гаднын нөлөөтэй байж болзошгүй хэмээн АН-ын зүгээс гэж үзэж буйгаа мэдэгдсэн.
Мөн үүнтэй холбоотойгоор түүнтэй хамгийн сүүлд уулзсан гэх УИХ-ын зарим гишүүд мэдэгдэл, тайлбар хийсэн. Тухайлбал, АН-ын дарга С.Эрдэнэ хэрэг болох үед Төрийн ордонд байгаагүйгээр мэдэгдсэн. Харин Н.Номтойбаяр гишүүн “Энэ сарын 17-ны орой манай өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Сүүлд уулзсан МАН-ын гишүүн гээд хайж, эргэлзэх байх зүйлгүй. Тэр хүн нь би. Талийгаачийг манай өрөөнөөс гарсны даргаа 19:18 минутад миний бие бүлгийн хуралд суусан. Цагдаагийн байгууллагад хаана таарсан, юу ярьсан талаараа мэдүүлэг өгсөн. Жин нэлээн хассан байсан нь анзаарагдсан. Нүүрний судас улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлсэн” гэж мэдэгдсэн юм. Уг хэрэг болсныг хамгийн түрүүнд мэдэж холбогдох байгууллагад хандсан хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Тэрбээр болсон процессын талаар “Ар гэрээс нь зөвшөөрөл авсан. Дээр нь цагдаагийн байгууллага, Шүүх шинжилгээний үндэсний төвөөс дүгнэлт нь гарч байгаа гэсэн учраас мөн нийгэмд үүссэн буруу ойлголтыг залруулах үүднээс мэдээлэл хийсэн нь зөв байх. Миний өрөө 111 номер. Хэрэг болсон газрын дэргэдэх өрөө. Тухайн үед чуулган тараад хүмүүстэй уулзаад гарахдаа газар унасан байхтай нь таарсан. Би хуульч хүн. 20 гаруй жил иймэрхүү хэрэг явдлыг харж байсан учраас авах ёстой арга хэмжээг авч шийдвэр гаргасан. Төрийн ордон өөрийн гэсэн хуультай. Тагнуулын ерөнхий газрын харьяанд байдаг.
Тиймээс тагнуулд мэдэгдсэн. Мөн эмнэлгийн түргэнийхэн ирж, амь насаа алдсан болохыг нь тогтоосон. Энэ үеэр зохих газарт нь мэдэгдээрэй гэж хэлээд, нөхцөл байдлыг баримтжуулсан. Цагдаагийн байгууллага надаас хойш ирсэн учраас фото зургийг нь авч, зургаа цагдаад хүлээлгэн өгсөн. Манай өрөөнд дуу чимээ сонсогдох боломжгүй. Хоёр давхар хаалгатай. Би хоёр давхраас унасан гэж ойлгосон. Тиймээс унасны дараа нь харсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд цагийг хэлэх боломжгүй. Тухайн үед толгойдоо гэмтэл авсан уу, өөр байдлаар гэмтэл авсан эсэхийг хэлэхэд хэцүү. Толгойноос нь болон хамраас нь цус гарсан байдалтай байсан. Уначихсан байхад нь шууд Г.Батхүү агсныг гэж би бодоогүй. Энэ асуудлыг хуулийн байгууллага тодруулах ёстой” хэмээн тайлбарсан юм. Ямартай ч уг хэрэг гадны нөлөөтэй байсан уу, эсвэл золгүй явдал байсан уу гэдгийг одоогоор дүгнэн хэлэх боломжгүй. Шүүх шинжилгээний байгууллагын эцсийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна. Иймээс 21 хоногийн дараа хэргийн учир тайлаглах биз ээ.
-Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаяр өрсөлдөнө-
Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль зохион байгуулагдана. Хуулийн дагуу нөхөн сонгуульд 13 нам оролцохоо илэрхийлсэн бол намууд нэр дэвшигчээ тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ бичиг баримтыг хүргүүлэх ёстой. Тэгвэл Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлж байгаагаа МАХН өнгөрөгч баасан гарагт мэдэгдсэн юм.
Нэр дэвшигчийн зүгээс “Надад итгэл хүлээлгэсэн МАХН-ын гишүүддээ баярлалаа. Нөхөн сонгуультай холбогдуулж нийгэмд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. Эрх баригчид энэ сонгууль битгий болоосой гэж бодож байгаа. Тиймээс энэ сонгуулийг удаа дараа хойшлуулсан. Одоо ч гэсэн оролдлогоо орхилгүй Үндсэн хуулийн Цэцээр дамжуулан сонгуулийг ойлгомжгүй байдалд оруулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Үүнийг хүн бүр мэднэ. Энэ бол Үндсэн хуулийн Цэцийн хэлэлцэх асуудал биш. Гэхдээ бид Цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр нэр дэвшигчээ зарласан. Энэ ч зөв. Хэнтий аймгийн сонгогчид УИХ-д төлөөлөлтэй байх шаардлагатай. Төр засагт хэнтийчүүд санаа бодлоо хүргэх ёстой. Хэнтийчүүдийн саналыг хүндэтгэн үзэж байна. МАН, АН энэ сонгуульд луйвраар ялна.
Тиймээс бид ард түмэнтэйгээ хамтарч шударга сонгууль явуулахыг уриалж байна. Хэнтийчүүд сонгуулийн луйврыг таслан зогсоох эр зориг нь хэвээрэй гэж найдаж байна. Бусад намуудад хандаж хэлэхэд энэ сонгуульд шударгаар өрсөлдөхийг уриалж байна” гэсэн юм. Мөн “Би ард түмнийхээ итгэлийг дааж, их өрийг дарж, Мянганы замыг эхлүүлж байсан. Үдийн цай хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ бүхнийг та бид хамтдаа хийсэн. Өнөөдөр сонгогчдынхоо итгэлийг МАХН сэргээж чадна. МАХН-аас нэр дэвшсэн би сэргээхийн төлөө зүтгэж чадна. Монгол Улс мандтугай, Хэнтийн сонгогчид мандтугай” хэмээсэн юм. Тэгвэл АН-аас Ж.Оюунбаатарыг дэвшүүлэхээр ярилцаж байгаа аж. Эл шийдвэрийг Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж, гаргасан бөгөөд тус шийдвэрээ АН-д хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүссэн байна.
-Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг уриллаа-
Энэ сарын 23-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг шаардаж үг хэллээ.
Тэрбээр “Миний бие 2018 оны аравдугаар сарын 29-ны өдөр УИХ бүрэн эрхээ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ. Тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан М.Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байв. Үүнээс хойш хагас жил өнгөрөөд байхад УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй. Үйл ажиллагаа нь сайжрахгүй улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрэн алдахад хүрээд байна.
Тиймээс УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаасаа өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг та бүхэнд дахин санал болгож, уриалж байна. Та бүхнийг улс төрийн эр зориг гарган үндэсний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүрэхийг дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд харуулах буянт үйлс болох нь дамжиггүй” гэсэн юм. Ерөнхийлөгчийг ийм мэдэгдэл гаргасны дараа чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэдхэн сарын өмнө УИХ-ын даргыг сольчихвол улс орон сайхан болно гэж бодож байсан.
"Г.Занданшатар дарга аа, та наашаа хар даа. Нэг л гөлийчихөөд байна. Нэг л том тэсрэлт гарахгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь гарахгүй байна гэж иргэд хэлж байна. Өчигдөр Ерөнхийлөгч биднийг дуудаж уулзсан. Архидалтаа боль. Архидалтаас чинь болоод хүний амь эрсдээд байна. Зүгээр орж ирсэн иргэнийг архиар шахаж байгаад амь насанд нь хүрсэн гэж иргэд ярьж байна. М.Энхболд гэдэг хүнийг боорлосоор байгаад огцруулсан. УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Монголын ард түмний өмнө бид хариуцлагатай ажиллах ёстой. МАНАН-гийн зарим даргыг зайлуулсан. Одоо шүүхээ өөрчлөхгүй юм уу. Төрийн гурван өндөрлөгт эрхийг нь өгсөн. Хийвэл хийсэн шиг хий. Чадахгүй бол чадахгүйгээ ард түмэндээ хэл. УИХ өдөр өнжүүлэх шиг жижиг сажиг юм ярьсаар байгаад өдөр дуусч байна.
Томоохон асуудал руугаа оръё” хэмээн УИХ-ын даргад хандан хэлсэн нь гэмээ ухаарч буй мэт харагдсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэж Үндсэн хуульд заасан. УИХ-ын ажлаас нийгэм, улс төрийн бүх зүйл хамаарна. УИХ шүүх эрх мэдлийг эдэлдэггүй. Хууль тогтоох эрх мэдлийг УИХ хэрэгжүүлнэ. Таны хаяг буруу байна. Өөрсдийнхөө нэр хүндийг ингэж унагаж болохгүй. Сайн хууль гаргах хэрэгтэй. УИХ-ын гишүүн бүрийн нэр төрийг өндөрт өргөх хэрэгтэй. Та бүхэнд улсын эрх мэдлийг өгсөн. УИХ хэрхэн ажиллаж байгаагаас ард түмний амьдрал шалтгаална. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанаас УИХ-ын нэр төр шалтгаална. Та бүхэн олон түмний төлөөх сэтгэлээр ажиллаж чадвал улс орны байдал хамаарна. Хурал дээр үг хэлж байгаа гишүүд үгээ бэлдэж ирж бай. Заримдаа олны инээдэм болж байна. УИХ-ын чуулганд ирэхгүй байгаа гишүүдийг зарлах болно. Гишүүд УИХ-ын нэр хүндийг унагаад байвал хэн нэгний шахалтаар биш УИХ өөрөө тарах асуудлыг тавих болно шүү. УИХ мэтгэлцээнээр асуудлыг шийддэг. Нэг дарга асуудлыг шийддэггүй. Үүнийг ухамсарлаж, УИХ-ын гишүүд хуралдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргидог. Тиймээс УИХ тарах асуудлыг гишүүдээсээ асуух болно” хэмээн ширүүхэн хариу барив.
-Махны экспортод квот тавина-
Өнгөрөгч лхагва гараг буюу энэ сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийх болсон талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлсэн. Тэрбээр "Нэгдүгээрт махны үнийг тогтвортой байлгах үүднээс 127 худалдааны цэгт нөөцийн махыг борлуулж, амралтын өдөр өргөтгөсөн худалдаа хийж байна. Дулааны аргаар мах боловсруулан экспортлох үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс бэлтгэх ёстой ч зах зээлд гарахын өмнө гар нядалгаа хийж байсан нь тогтоогдсон тул энэ байдлыг зогсооно. Мөн тухайн жилийн мал сүргийн өсөлт болон зах зээлийн хэрэгцээнээс шалтгаалан экспортод квот тогтоохоор болсон. ААН-үүд экспортод гаргаж буй махны 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд нийлүүлсэн байх шаардлага тавина. Махны нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар гурилын хангамжийн талаар хэлэлцлээ. 100 мянган тонн гурил үйлдвэрлэх нөөц байгаа. Үнийн хувьд тогтвортой байгаа бөгөөд дутагдал гарахгүй нь тооцоо судалгаагаар батлагдсан. Харин төмс хүнсний ногооны хангамж, үнэ тогтвортой зарим төрөлд буурсан үзүүлэлттэй байна" гэсэн.
-"Хөгжлийн банк"-анд өртэй тэрбумтангуудын зарласан нь-
Үүнээс гадна ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Хөгжлийн банк"-анд хийсэн шалгалтын үр дүнг олон нийтэд танилцууллаа. Тэрбээр “Тус банкнаас олгосон зээлнээс 964.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, 19 зээлийг эргэн төлүүлэх шаардлагатай. Эс бөгөөс хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах дүгнэлт гаргасан” гэсэн юм. Тодруулбал тэрбээр “Евро, Чингис, Самуурай бонд голлох эх үүсвэр болж эдгээр бондоос мөнгө авсан байна. Мөн улсын төсвөөс авч зарцуулсан байна. 319 төслийн 1.8 наяд төгрөгийн санхүүжилтийг Улсын төсвөөс гаргасан байна. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банканд зээлээ эргэн төлөөгүй, ноцтой зөрчилтэй зээлдэгч аж ахуй нэгжүүд байна. Тухайлбал, Хөтөл, Монлаа цемент зэрэг компаниуд зээлээ эргэн төлөөгүй байна. Арилжааны банкыг санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 3.4 тэрбум ам.долларын зээлийг олгосон байна. Энэ нь арилжааны банктай энэ банк өрсөлдөж байна.
Уг нь 2017 оны хоёр сарын 10 батлагдсан Хөгжлийн банкны хуулиар "Хөгжлийн банкны чиг үүрэг нь Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц болон эдийн засгийн том төсөлийг санхүүжүүлнэ" гэж заасан байдаг. Гэтэл Хөгжлийн банк арилжааны банктай адил хэмжээний бага хүүтэй зээл олгох “соёл” бий болгосноос болж арилжааны банкуудтай өрсөлддөг бага хүү зээл гаргахын тулд лоббид автдаг зүйл ажиглагдсан.
Дэлхийн нийтлэг жишгээр хөгжиж байгаа бусад хөгжлийн банкнаас өөр үйл ажиллагаатай явж байна гэж дүгнэлт хийхээс өөр аргагүй байна" гэсэн юм. Ийнхүү экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ард түмнээс дахин итгэл найдвар хүлээлгэхийг гуйсан бол "Хөгжлийн банк"-наас авсан тэрбум, тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй тэрбумтангуудын ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэр цохон зарласан зэрэг дуулиантай дагуулсан мэдээтэй зэрэгцээд төр, нийгмийн зүтгэлтэн харамсалтайгаар амиа алдсан долоо хоног болж өнгөрлөө.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (9)