Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U18 ДАШТ Сүхбаатарын талбайд таван өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө.
Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын баг алтан медаль хүртэж, Турк, Аргентины баг удаалав. Харин эмэгтэйчүүдэд АНУ-ын баг түрүүлж, Шинэ Зеланд, Францын охид мөнгө, хүрэл медалийн тавцанд гарсан юм.
Америк бол сагсан бөмбөгийн өлгий нутаг гэдгийг тус улсын охид, залуус таван өдрийн турш мэдрүүлж, басхүү үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хуу хамаад буцаж байна. Тэгвэл Монголын эрэгтэй баг өнөөдөр дунд шөвөгт Турк (18:21)-т хожигдсоноор зургадугаар байр эзэлсэн.
Манай хөвгүүд нутаг дээрээ хэдий медаль аваагүй ч энэ хүртлээ Латви, Гүрж зэрэг дэлхийн шилдэг багуудыг хожсон билээ.
Б.Жаргал