УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг хэлэлцжээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт 64 гишүүн өргөн барьсан. Хуулийн төслийг энэ долоо хоногийн төгсгөлөөс эхлээд УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Иймээс энэ асуудлыг намын бүлгээр хэлэлцэж хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Тус хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Гэхдээ гишүүд 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөхдөө МАН-ын мөрийн хөтөлбөрт "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ ард түмнээс асууна" гэж тусгасан. Үүнийг баримтлах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс цаашид хуулийг хэлэлцэж батлах нь ард түмний санал асуулгыг авах нь зүйтэй гэж үзлээ. Энэ долоо хоногийн сүүлээс эхлээд ирэх аравдугаар сар хүртэл Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхээр байна.
Хоёрдугаарт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг хэлэлцлээ. Өнгөрөгч тавдугаар сарын МАН-ын бүлгийн хурлаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг сар шахам ажиллаж Засгийн газрын үйл ажиллагааны үнэлгээ дүгнэлт, цаашид анхаарах асуудал гэсэн шийдлийг бэлтгэснийг өнөөдрийн бүлгийн хурлаар хэлэлцлээ.
Гуравдугаар асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хориг тавьсан. Уг хоригийг өнгөрсөн долоо хоногт УИХ хүлээж авсан. Иймээс хуульд өөрчлөлт оруулах төсөл бэлтгэх ёстой. Төслийг бэлтгэх ажлын УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулж ажлын хэсэг байгууллаа” гэв.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)