Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Дэлхийн гранпри тэмцээн энэ сарын 16-17-ны хооронд Италийн Турин хотод боллоо. Нийт найман баг өрсөлдсөн уг тэмцээнд манай баг тамирчид Ирландыг 14:13-аар буулгаж, Дэлхийн гранпри тэмцээний эхний хожлоо авсан нь түүхэн хожлын нэг болсон юм.
FIBA 3×3 эмэгтэйчүүдийн мэргэжлийн Дэлхийн гранпри тэмцээнийг энэ жилээс хийж эхэлсэн. Эмэгтэйчүүдийн мэргэжлийн энэхүү гранпри нь улсынхаа шигшээ багийн нэрийн өмнөөс шигшээ багийн өмсгөлтэйгөөр тоглодгоороо эрэгтэйчүүдийн мэргэжлийн тэмцээнээс ялгардаг. Монгол Улсын баг энэ удаагийн Дэлхийн гранприд Ази тивээс ганцаараа оролцож, анхны хожлоо байгуулав.
Сануулахад, 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ маргааш Голландын Амстрердам хотод болно. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг өрсөлдөх бөгөөд Монгол Улсын багууд багтсан билээ.