Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 575 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 383 дуудлага, мэдээллийг шалгаж, шийдвэрлэжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 16 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ. Түүнчлэн орон нутагт гарсан ослын улмаас таван хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, энэ сарын 16-ны 18.15 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт II багийн нутаг “Цав хангай” гэх газар Toyota Land Cruiser 200 маркийн автомашины онхолдож, жолооч 48 настай эрэгтэй Э, зорчигч 44 настай эмэгтэй Г, долоон настай эрэгтэй Б, 36 настай эмэгтэй С, 48 настай эмэгтэй О нарын таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Иймд иргэд жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ эцэг эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлыг сонгох шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэд та бүхэн амь нас, эрүүл мэнд, эд хѳрѳнгийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэж нийсэлэлээс орон нутаг руу орон нутгаас нийслэлийг зорихдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хурдаа тохируулан, бие биедээ хүндэтгэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба