Энэ сарын 2-нд Японы Кюшю арал дээр зохиогдсон 64 дэх удаагийн уламжлалт “Беппу-Ойта” олон улсын марафонд оролцсон Монголын үндэсний шигшээ болон “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин Ц.Бямбажав 2 цаг 09 минут 03 секундын амжилтаар тавдугаар байр эзэлж, “Токио-2020” олимпийн наадамд оролцох болзлоо биелүүллээ.
IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбоо нь Олимпод оролцох тамирчдад entry mark буюу норматив тавьдаг. Уг болзлыг биелүүлбэл Олимпод оролцох хаалга нээгддэг бөгөөд “Токио-2020” олимпийн марафон гүйлтийн эрэгтэй төрөлд 2 цаг 11 мин 30 секунд, эмэгтэй төрөлд 2 цаг 29 мин 30 секундээс дотогш амжилт үзүүлсэн тамирчид олимпод оролцох эрх авах юм.
Манай улсаас өмнө нь марафонч Б.Мөнхзаяа мөн олимпийн наадамд оролцох болзлоо биелүүлсэн бөгөөд “Токио-2020” олимпийн наадам Монголын хөнгөнатлетикчдийн хувьд 11 дэх олимп болох юм.
1952 оноос анх зохиогдож эхэлсэн “Беппу-Ойта 2020” марафонд Марокко улсын тамирчин Хамза Сахли 2:08:01 амжилтаар түрүүлж, Этиопийн Абдела Годана 2:08:06 -аар мөнгө, Японы Ёшида Юяа 2:08:30 гүйж хүрэл медаль хүртжээ.
А.Сүх