Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа ирэх сарын 08-ны өдөр Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдана.
Цахим дуудлага худалдааны давуу тал нь оролцохыг хүссэн хүн бүр интернетэд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан дуудлага худалдаанд байршил харгалзахгүй оролцох боломжтой юм. Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж нь хүсэлтээ дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 08-ны өдрийн 08.30 цагийн хооронд www.mle.mn цахим системээр бүртгүүлнэ.
Дуудлага худалдаанд оролцохдоо газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, оролцох дуудлага худалдаанд хүсэлтээ тус тус хавсаргах аж.
Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд мессежээр болон имэйлээр мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.
Нэг иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрт тушаана.