Ардчилсан нам XVI их хурлыг хуралдуулсан талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Үндэсний бодлогын хорооны хурал 14 хоног тутамд тогтмол хуралдаж ирлээ. Парламентын үйл ажиллагааг хянах ажил багагүй амжилтад хүрлээ гэж харж байна. Хаврын чуулганд зориулж бид хуралдана. Ардчилсан намын нэрийг барьсан үйл ажиллагаа олон явагдаж байна. УИХ-д намын нэрээр сонгогдсон зарим гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, эрхэм гишүүнийхээ алдар хүндийг унагасан үйлдэл гаргасанд харамсаж байна.
Бүлэг гэдэг бол намын хууль ёсны бүтэц биш юм. Хууль дүрмээ уншдаггүй, улс төрийн зорилгоо ойлгоогүй гишүүд өөрсдийн эрх ашгаа дэндүү ихээр бодож байна. Ардчилсан намаас сонгогдсон гишүүд болчимгүй үйлдэл хийж буйд харамсаж байгаа. Тэдний зохион байгуулсан гэх Үндэсний бодлогын хорооны хуралдаан, их хурал нь бүгд дүрмийн бус. Дүрэмд байхгүй заалтуудыг үндэслэж хуралдаан зохион байгуулсан туйлын их харамсаж байна.
Хоёр жилийн хугацаанд бидэнд сөрөг хүчний үүргээ биелүүлэх боломж байгаагүй. Цар тахлаар далимдуулсан хууль гаргаж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн намуудын үйл ажиллагааг боомилох замаар эрх баригчид ажилласан. Сөрөг хүчний үүргээ биелүүлэхийн төлөө цаашид илүү идэвхтэй ажиллана. Ардчилсан намын бүлгийн хурлаас зохион байгуулсан эв нэгдлийн хурал ч мөн дүрмийн бус. Ийм хурал явуулах дүрэм байхгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)