Засгийн газрын таван "Ш" хөтөлбөрийн хүрээнд Филиппин улсад амьдарч байсан сайд асан Т.Бадамжунайг эх оронд нь авчирлаа. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бидний эхний боломж бол Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцууд юм. Авлигын эсрэг НҮБ-ын конвенци, Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх конвенци зэрэг конвенцуудад нэгдсэн орсон улс орнууд нөгөө орондоо дэмжлэг үзүүлэх, нягт хамтран ажиллах хуулийн зохицуулалттай. Ийм үүрэг хүлээдэг.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид 189 улс, Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх конвенцид 191 орон нэгдэн орсон. Эдгээр улсуудтай манай улс гэрээгүйгээр харилцах боломжтой.
Мөн Захиргааны журмаар буюу оргон зайлсан этгээдүүдийн пасспортыг хүчингүй болгох байдлаар дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хаах, саатуулах боломж бүрдэж байна. Дараагийн асуудал бол, цагаачлалын байгууллагуудтай хамтран ажиллах. Өнөөдөр иргэн Т.Бадамжунайг Филиппин улсын цагаачлалын товчооны гүйцэтгэх албатай хамтран авчирсан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүрээнд Монгол Улсын иргэн учир өмгөөлөгчийг оролцуулан эрхийг нь хамгаалсан" гэв.
Д.Батчулуун