Эл түүх нь хүчирхийлэл, бусармаг зүйлсийг томруунаар харуулах тул бага насны хүүхэд, цочмог сэтгэлзүйтэй хүмүүс уншихгүй байх нь зүйтэйг анхааруулж байна.
АНУ-ын Флорида муж улсад оршин суух хаягтай нэгэн эмэгтэй 2019 онд "Lyft" такси компанийн жолоочид хүчиндүүлсэн аймшигт дурсамжаа өнөөдрийг хүртэл тээж явдаг. Тус компанийн жолооч нарын нэг нь түүнийг удаа дараа хүчиндэж, улмаар бүсгүй жирэмсэн болсон ажээ. Энэ тухай дурсамжаа өдийг хүртэл шаналган тээж яваа Табата Меанс бүсгүйн зовлонт амьдралын түүхийг хүргэж байна.
Флорида мужийн Лисбург хотын иргэн Табата Меанс Сан Франциско хотын холбооны шүүхэд өнгөрөгч мягмар гарагт нэхэмжлэл гаргасан байна. "Lyft" такси компанийн удирдлагууд жолооч нарынхаа зүй бус үйлдлийн хариуцлагыг хүлээдэггүй. Тэр бүү хэл ийм төрлийн олон үйлдлийг нуун дарагдуулсан гэж Меанс тэнд дурджээ.
2019 оны дөрөвдүгээр сарын 28-ны согтуу байсан Меанс бүсгүй "Lyft" компанийн такси үйлчилгээг авчээ. Жолооч түүнийг хэр байгааг асуухад бүсгүй "таагүй, хэтэрхий их уусан байна" хэмээн хариулсан. Дараа нь жолооч түүний гадаад төрх байдлын талаар илт сээтэгнэсэн байдалтай ярьж, бүсгүйг оролдож эхэлжээ.
Меанс зорьсон газартаа ирэхэд жолооч зогсоол руу орж, зохисгүй байдлаар түүнд хүрч, түүнийг илж, үнсэж эхэлсэн тул бүсгүй эрс татгалзаж, биедээ хүргэхгүйн тулд хүчтэй түлхэх, уурлах хандлага үзүүлсэн байна.
Жолооч тэр үед түүний яг өмнө үйлчлүүлсэн эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орсон тухайгаа сайрхан ярьж байжээ. Улмаар жолооч Меансыг түшин гэрт нь ороолаад, унтлагын өрөөний орон дээр нь нэг бус удаа хүчирхийлж, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан байна. Уг үйл явдлаас сарын дараа Меанс шүүхэд гомдол гаргаж, мэдүүлэгтээ өөрийгөө жирэмсэн тухай хавсаргажээ.
Улмаар шүүх тухайн жолоочоос ДНХ-ийн дээж авч, шинжилгээнд өгөхөд "Хүүхдийн эцэг байх магадлал 99 хувиас их байна" гэх хариу гарчээ.
Шинжилгээний хариунаас гадна түүний хүүгийн гадаад төрх тухайн жолоочийнхтой дэндүү адилхан тул хүү нь хүчирхийллийн үеэр олдсон гэх үндэслэлийг улам бүр бататгасан.
Тэр дөрвөн настай хүүгээ харах болгондоо "Lyft"-ийн жолооч, хүчирхийлэгчийн тухай бодохоос өөр аргагүй болж, хэрэг болсон аймшигтай өдрийн дурсамжийг мартаж чаддаггүй гэнэ. Шүүх уг хэргийг одоо болтол шийдээгүйд тэр мөн сэтгэл дундуур яваа. Тийм ч учраас өмнөхөөсөө илүү чангаар дуу хоолойгоо түгээж, томоохон хэвлэлүүдэд хандсан байна.
Түүний мягмар гарагт шүүхэд гаргасан нэхэмжлэлд "Тус компани зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүргээ умартсан. Мөн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийг жолоочоор авч, тэдэнд ажил олгохдоо ямар ч хяналт тавьдаггүй. Тэдний тэргүүн үнэт чанар нь зорчигчдын аюулгүй байдал биш юм. Харин ашиг олох нь л тэдний гол зорилго юм. Тэд зорчигчдоос таван од авахыг л илүүд үздэг. Хамгийн аймшигтай нь тэд зорчигчдын аюулгүй байдлын тал дээр огт анхаардаггүй. Бас үргэлж худал маркетинг хийж, харгалзах хүнгүй, согтуу болон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн аюулгүй байдалд санаа тавьдаг мэтээр өөрсдийгөө таниулдаг нь тийм төрлийн үйлчлүүлэгчдийг татдаг" хэмээжээ.
Меанс уг нэхэмжлэлдээ тодорхойгүй хэмжээний нөхөн төлбөр хавсаргаж, хэргийг тангарагтны шүүхээр хэлэлцүүлэхийг шаардаж байгаа юм.
Гаж донтноос олсон хүү нь түүний гурав дахь хүүхэд аж. Мөн түүнийг нөхөртэй эсэх тухай мэдээлэл байхгүй. Уг явдлаас хойш тус компанитай холбоотой хүчингийн хэрэг гараагүй. Бүсгүй тэднийг өөрийнх нь хэргээс үүдэн илүү болгоомжтойгоор үйл ажиллагаагаа явуулах болсон гэж үзсэн.
Хамгийн хачирхалтай нь тус компани Меансийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг даруй буцааж, уг үйл явдлыг олон жилийн дараа мэдэж байна гэж CNN-д мэдээлжээ. Тэр ч бүү хэл, уг хэргийг үйлдсэн жолоочийг зөвтгөж, "Хэрэг болох үед тэд харилцан тохирцсон байсан. Аппликейшн дээр тэмдэглэсэн аяллын маршрут дууссаны дараа уг хэрэг болсон тул манайд хамаагүй. Өөрөөр хэлбэл тэд компанийн үйлчилгээнээс гадуур харилцаа үүсгэсэн" гэх мэтээр ярьсан нь олны зэвүүцлийг хүргээд буй.
Харин Меанс болон түүний өмгөөлөгч нар уг мэдэгдлийг эрс эсэргүүцэж, нэмж гомдол гаргахаар болжээ. Уг аймшигт хэргийн тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхээр олон эх сурвалжаар цацагдаж, хүмүүсийн анхаарлын төвд ороод байгаа юм. Бид та бүхэнд Меанс бүсгүйн ажил хэрэг хэр бүтэмжтэй байгааг цаг тухайд нь мэдээлэх болно.
Л.Сайнаа