
Өнөөдөр буюу энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис хотноо эхлэх жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хамгийн өрсөлдөөнтэй жин эрэгтэйчүүдийн +100 кг байх нь гарцаагүй. Уг жинд өнгөрсөн жил Улсын Дархан аварга Н.Батсуурь, Улсын заан Д.Анар, Б.Серик, Улсын начин Э.Сумъяабат, Э.Мөнхжаргал, О.Цэцэнцэнгэл, Цэргийн арслан Д.Цэрэнням, Аймгийн начин Б.Гончигсүрэн нарын зэрэг шилдгүүд хүч үзсэн. Тэгвэл өнөө жил ямар бөхчүүд уг жинд байгаа вэ?
Өнөө жил уг жинд А хэсгийг Их Дуулгуудын аварга ОУХМ, "Хилчин" спорт хорооны бөх Аймгийн начин Б.Гончигсүрэн тэргүүлж байна. Тэрбээр -100 кг-д гурван удаа аваргалж, улмаар өнгөрсөн жид +100 кг-д өгсөн барилдаж дахин аваргалсан.
А хэсэгт түүнээс гадна "Сүлд" спорт хорооны тамирчин Г.Батсанчир, Э.Отгон-Эрдэнэ болон "Аваргууд" академийн тамирчин Э.Энхтэмүүлэн нар багтжээ. Тэд бүгд эхний тойрогтоо гоц мөргөж байна. В хэсгийг Улсын Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлээжамц манлайлж байна. Уг хэсэг хамгийн хүчтэй өрсөлдөгчтэй хэсэг болж байна. Учир нь энэ хэсэгт МУГТ, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Аймгийн заан Ө.Дүүрэнбаяр, Цэргийн арслан Д.Цэрэнням нар багтжээ.
С хэсгийг жүдо бөхийн ОУХМ, Аймгийн начин Г.Алтанбагана тэргүүлж байна. Тэрбээр өмнө нь -90 кг-д барилдаж байв. Харин D хэсэгт Улсын харцага М.Дармаабазарын хүү Сумын заан Д.Мөнхтулга багтжээ. Мөн Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Сумын заан Г.Хангарьд уг хэсэг байна.

Л.Баяр






















































