
АНУ болон Ираны хооронд явагдаж буй хэлэлцээ эцсийн шатандаа орж, хоёр тал түр гал зогсоох болон бүс нутгийн хурцадмал байдлыг бууруулах боломжит хэлэлцээрт дөхсөн тухай мэдээлэл гарч байна. Гэсэн ч цөмийн хөтөлбөртэй холбоотой хамгийн маргаантай асуудлууд одоогоор бүрэн шийдэгдээгүй хэвээр байгаа аж.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, хэлэлцээрийн төсөлд 60 хоногийн хугацаатай гал зогсоох, стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолойг дахин нээх, Ираны газрын тосны экспортод тавьсан зарим хязгаарлалтыг сулруулах зэрэг заалтууд багтаж байгаа юм. Үүний хариуд Иран тодорхой цөмийн хязгаарлалтыг зөвшөөрөх, цаашдын хэлэлцээг үргэлжлүүлэх амлалт өгөх хувилбар яригдаж байна.
Гэхдээ хамгийн эмзэг асуудал болох өндөр түвшинд баяжуулсан ураны нөөцийн асуудал дээр байр суурийн зөрүү хадгалагдсаар байна. Reuters агентлагийн мэдээлснээр, Ираны тал одоогоор ураны нөөцөө хүлээлгэн өгөх буюу улс орноос гаргах талаар ямар нэг тохиролцоонд хүрээгүй бөгөөд энэ асуудлыг ирээдүйн хэлэлцээнд авч үзнэ гэж мэдэгджээ.
Цагаан ордон хэлэлцээр хэдхэн өдрийн дотор эцэслэгдэх боломжтой гэж үзэж байгаа ч Ираны удирдлагын дотоод шийдвэр гаргах процесс болон улс төрийн хүчин зүйлсээс шалтгаалан хэлэлцээ саатах эрсдэл байгааг хүлээн зөвшөөрсөн байна.
Үүний зэрэгцээ АНУ дотор ч санал зөрөлдөөн өрнөж байна. Бүгд Найрамдах намын зарим гишүүн Ерөнхийлөгч Дональд Трампын боловсруулж буй хэлэлцээрийг дэмжиж байгаа бол Ардчилсан намын хууль тогтоогчид уг тохиролцоо Ираны асуудлыг хангалттай шийдвэрлэхгүй байж болзошгүй гэж шүүмжилжээ. Ийнхүү АНУ–Ираны харилцаанд шинэ эргэлт авчрах магадлалтай хэлэлцээр ойртож байгаа ч цөмийн асуудал болон бүс нутгийн аюулгүй байдлын гол зангилаанууд бүрэн тайлагдаагүй хэвээр байна.
Л.Баяр
























































