
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Аргентины домогт довтлогч Лионел Месси 2026 оны ДАШТ-д дахин гялалзаж, бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо.
1930 онд анх зохион байгуулагдсан ДАШТ дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн ур чадвар, авьяасыг харуулдаг хамгийн нэр хүндтэй тайз байсаар ирсэн. Энэ хугацаанд олон домог төрсөн ч гоолын амжилтын оргилд хүрсэн хүн цөөн. Германы довтлогч Мирослав Клозе 16 гоолтойгоор олон жилийн турш жагсаалтыг тэргүүлж байсан бол Месси энэ амжилтыг ардаа орхин шинэ дээд амжилтын эзэн боллоо.
38 настай Аргентин довтлогч Алжирын эсрэг хийсэн хэсгийн эхний тоглолтдоо ДАШТ дэх анхны хет-трикээ бүртгүүлсэн. Үүний дараа өнгөрсөн шөнө Австрийн хаалганд дахин хоёр гоол оруулснаар түүний ДАШТ дэх нийт гоолын тоо 18 хүрч, мэргэн буучийн байр суурийг эзэлсэн юм.
Месси зургаа дахь ДАШТ-дээ оролцож байгаа бөгөөд 2006 онд нэг, 2014 онд дөрөв, 2018 онд нэг, 2022 онд долоо, харин 2026 оны тэмцээнд одоогоор таван гоол оруулаад байна. Тэрбээр нийт 28 тоглолтод оролцсон нь мөн ДАШТ-ий дээд амжилтын нэг болж байгаа юм.
Гэвч түүний араас Францын супер од Килиан Мбаппе хүч түрэн гарч ирж байна. Францын шигшээ багийн ахлагч Сенегал болон Иракийн эсрэг тоглолтуудад тус бүр хоёр гоол оруулснаар ДАШТ дэх нийт гоолын тоогоо 16-д хүргэж, Мирослав Клозетой зэрэгцэн бичигдэх болов. Хамгийн сонирхолтой нь Мбаппе энэ амжилтад ердөө 16 тоглолтод оролцохдоо хүрсэн нь түүний үр ашиг ямар өндөр байгааг харуулж байна.
ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын эхний тавд Лионель Месси (18), Мирослав Клозе (16), Килиан Мбаппе (16), Роналдо (15), Герд Мюллер (14) нар бичигдэж байна. Харин Францын домогт довтлогч Жюст Фонтен 1958 оны ганцхан тэмцээнд оролцохдоо 13 гоол оруулсан амжилтаараа өнөө ч шилдгүүдийн тоонд багтсаар байна.
Мөн хөлбөмбөгийн хаан хэмээн өргөмжлөгдсөн Пеле 12, Юрген Клинсманн болон Шандор Кочиш нар 11, Габриэль Батистута, Харри Кэйн, Томас Мюллер, Гари Линекер зэрэг одууд тус бүр 10 гоолтойгоор түүхэнд нэрээ үлдээжээ. ДАШТ үргэлжилж буй энэ үед Мессигийн тогтоосон шинэ дээд амжилт хэр удаан хадгалагдах нь сонирхол татаж байна. Учир нь ердөө 27 настай Килиан Мбаппе аль хэдийн 16 гоолтой болсон бөгөөд ирэх жилүүдэд энэ амжилтыг эвдэх хамгийн том боломж түүнд бий гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд үзэж байна.
Л.Баяр






















































