
Украины тал ОХУ-ын нийслэл Москва хотын нефт боловсруулах томоохон үйлдвэрт нисгэгчгүй онгоцоор дахин цохилт өгсөн бөгөөд уг халдлагын улмаас үйлдвэрийн бүсэд гал гарч, их хэмжээний утаа дэгдсэн талаар орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Энэ нь сүүлийн долоо хоногийн дотор Москвагийн орчмын эрчим хүчний дэд бүтцэд хийсэн хоёр дахь томоохон довтолгоо болж байна.
Москвагийн өмнөд хэсгийн Капотня дүүрэгт байрлах нефтийн боловсруулах үйлдвэрийн ойролцоо өглөө эрт хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдсон тухай оршин суугчид олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ. Тэдний хэлснээр тэнгэрт хар утаа суунаглаж, үйлдвэрийн бүсээс галын дөл тод харагдаж байсан байна.
ОХУ-ын Онцгой байдлын яам болон Москва хотын захиргааны мэдээлснээр агаарын довтолгооноос хамгаалах системүүд олон тооны нисгэгчгүй төхөөрөмжийг устгасан ч хэд хэдэн дрон хамгаалалтын системийг нэвтлэн үйлдвэрийн хэсэгт хүрсэн гэж мэдэгдэв. Хүний амь нас эрсдээгүй, ноцтой гэмтэл бүртгэгдээгүй гэж мэдэгдсэн ч үйлдвэрийн зарим байгууламжид нэлээдгүй хохирол учирсан байж болзошгүй байгаа ажээ. Одоогоор хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжилж байна.
Украины зүгээс энэхүү довтолгооны талаар дэлгэрэнгүй албан мэдэгдэл хийгээгүй ч өмнө нь Киев ОХУ руу чиглэсэн нефтийн үйлдвэр, түлшний агуулах, эрчим хүчний дэд бүтцийг онилох ажиллагаагаа эрчимжүүлж байгаагаа илэрхийлж байсан. Украины эрх баригчид эдгээр ажиллагааг Оросын цэргийн ажиллагааг санхүүжүүлдэг түлш, эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах зорилготой гэж тайлбарлажээ.
Сүүлийн саруудад Украины нисгэгчгүй онгоцны довтолгоо ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт, тэр дундаа Москва орчмын стратегийн объектуудад чиглэх ихсэв. Үүний улмаас Оросын агаарын хамгаалалтын системийн ачаалал нэмэгдэж, хотуудын ойролцоо аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан гэж шинжээчид үзэж байна. Москвад болсон энэ удаагийн халдлагын дараа хотын зарим дүүрэгт түр хугацаанд сэрэмжлүүлэг зарлаж, агаарын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарласан талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлжээ. Мөн нисэх онгоцны буудлуудад саатал үүссэн байж болзошгүй талаар хэвлэлүүд онцолж байна.
Л.Баяр





















































