
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны дэлхийн цуврал тэмцээний нэг болох Улаанбаатар Их Дуулга-2026 тэмцээн зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотын AIC Steppe Arena ордонд зохион байгуулагдана. Тус тэмцээн нь 2028 оны Лос Анжелесын олимпын эрхийн оноо олгох чухал тэмцээнүүдийн нэг юм.
Энэ жилийн Улаанбаатар Их Дуулгад дэлхийн таван тивийн 59-62 орны 460 гаруй шилдэг жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Эрэгтэйчүүдийн 7, эмэгтэйчүүдийн 7 жингийн ангилалд нийт 14 багц медалийн эзэд тодрох юм.
Тэмцээний хуваарийн дагуу:
Зургаадугаар сарын 19
- Эрэгтэй -60 кг, -66 кг
- Эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг
Зургаадугаар сарын 20
- Эрэгтэй -73 кг, -81 кг
- Эмэгтэй -63 кг, -70 кг
Зургаадугаар сарын 21
- Эрэгтэй -90 кг, -100 кг, +100 кг
- Эмэгтэй -78 кг, +78 кг-ын барилдаанууд болно.
Улаанбаатарын Их Дуулга тэмцээн нь сүүлийн жилүүдэд дэлхийн жүдо бөхийн хамгийн нэр хүндтэй цуврал тэмцээнүүдийн нэг болж, олимп, дэлхийн аваргын медальтнууд тогтмол оролцдог болсон. Монгол Улс энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсаар ирсэн бөгөөд дэлхийн шилдэг жүдочдыг эх орондоо хүлээн авдаг цөөн орны нэг болоод байна.
Мөн энэ жилийн тэмцээний нийт шагналын сан 154 мянган евро байхаар тогтоогджээ. Алтан медаль хүртсэн тамирчин болон дасгалжуулагч нийт 5000 еврогийн шагнал авах бөгөөд мөнгө, хүрэл медальтнууд ч мөнгөн урамшуулал хүртэнэ.
Монголын жүдочдын хувьд эх орондоо олимпын эрхийн үнэ цэнтэй оноо цуглуулах том боломж нээгдэж байгаа бөгөөд хөгжөөн дэмжигчид дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөнийг ойроос үзэх боломжтой юм. Улаанбаатар Их Дуулга-2026 нь Монголын спортын оны онцлох үйл явдлуудын нэгээр нэрлэгдэж байна.
Л.Баяр



















































