Монголын боловсролын тогтолцоо бүхэлдээ системийн шинжтэй хямралд өртөж, дампуурлын ирмэгт ирээд байгааг “TEE Education”-ий үүсгэн байгуулагч Б.Билгүүн саяхны ярилцлагадаа баримттайгаар хөндлөө.
Тэрбээр өнөөгийн салбарын доройтлыг шүүмжлээд зогсохгүй, Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хувийн хэвшлийн эсрэг чиглэсэн бодлогын алдааг тухайлан онцлов. Сайд Л.Энх-Амгалан хувийн сургуулиудыг “төлбөрөө жилээр нь урьдчилж аваад банкинд хүүгээр өсгөж байна” гэж буруутган, урьдчилгаа төлбөр авах хугацааг хуульчлан хязгаарлах байр суурь илэрхийлсэн юм.
Харин Б.Билгүүн үүнийг боловсролын салбарыг эрүүлжүүлэх бодлого биш, харин ч төрийн сургуулиудын ачааллыг олон жилийн турш хуваалцаж, чанарын стандартыг тогтоож ирсэн хувийн хэвшлээ хавчин боомилсон популист хандлага гэж үзэж байна.
Түүний хэлснээр, өнөөдөр салбарын хэмжээнд багшийн цочмог дутагдал, хөрөнгө оруулалт хийсэн ч ашиглагддаггүй лаборатори, боловсролын гүнзгий хоцрогдол, хөдөлмөрийн зах зээлд үнэ цэнээ алдсан диплом зэрэг олон ноцтой асуудал хуримтлагдсан. Төр засаг эдгээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэх үү, эсвэл хувийн сургуулиудыг онилсоор боловсролын салбарыг улам бүр туйлдуулах уу гэсэн сонголт үлдэж байна.



















































