
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын 104 тоглолтыг бүгдийг нь үзнэ гэдэг олон фанатын хувьд мөрөөдөл. Харин АНУ-ын иргэн хоёр залуу энэ мөрөөдлөө биелүүлэхийн зэрэгцээ үүнийхээ төлөө тус бүр 50 мянган ам.долларын цалин авч байна гэвэл та итгэх үү?
Флоридагийн тогооч Кевин Акато болон Филадельфийн контент бүтээгч Остин Франклин нар 2026 оны ДАШТ-ий бүх тоглолтыг үзэх албан ёсны “Chief World Cup Watcher” буюу “Дэлхийн аваргын ахлах үзэгч” гэсэн өвөрмөц ажлын байранд шалгарчээ. Тэдний ажил бол зүгээр л буйдан дээр сууж тоглолт үзэх биш, тоглолт бүрийн үеэр контент бүтээж, хөгжөөн дэмжигчидтэй харилцаж, дэлхийн аваргын уур амьсгалыг олон нийтэд хүргэх үүрэгтэй гэнэ.
Тэдний ажлын байр Нью-Йорк хотын хамгийн алдартай газруудын нэг болох "Times Square"-ийн яг төвд байрладаг. Шилэн ханатай тусгайлан бүтээсэн өрөөг гудамжнаас хэдэн мянган хүн өдөр бүр харж болно. Дотор нь хоёр том дэлгэцтэй телевиз, тухтай сандал, арьсан буйдан, хөлбөмбөгийн ширээ, төрөл бүрийн багийн өмсгөл, дэлхийн аваргын бэлгэдэл бүхий чимэглэл байрлуулжээ. Кевин энэ орчныг “20 настай хөлбөмбөгийн фанат хүн өөрийн мөрөөдлийн өрөөг бүтээвэл яг ийм байх байсан” хэмээн тодорхойлсон байна.

104 тоглолтыг дараалан үзэх нь гаднаас харахад амархан мэт боловч бодит байдал дээр маш их ачаалалтай гэдгийг хоёр залуу ярьжээ. “Би бага зэрэг ядарч эхэлсэн. Остин ч мөн адил. Бүх зүйлтэй хөл нийлүүлэх арга барилд суралцаж байна” гэж Кевин ярьсан байна.
Харин Остин энэ ажлыг зуны зуслантай зүйрлэжээ. “Өдөр хоногууд хоорондоо холилдоод эхэлдэг. Буйдан дээр суугаад хөлбөмбөг үзэх ажил амархан мэт боловч үнэндээ марафон шиг. Амрах боломж олдох бүрдээ найман цаг унтахыг хичээж байна” гэж тэр хэлсэн байна. Гэхдээ тэд шилэн өрөөндөө хонодоггүй. Тоглолтын дараа байр руугаа харьж, дараагийн өдрийн олон цагийн хөтөлбөрт бэлддэг аж.
Энэхүү ажлын хамгийн том давуу тал нь дэлхийн аваргын түүхэн мөчүүдийг шууд үзэх боломж. Тэд Месси дэлхийн аваргын бүх цаг үеийн гоолын рекордыг шинэчилсэн мөчийг Аргентиншарсан мах идэнгээ үзжээ. Мөн өрсөлдөж буй орнуудын үндэсний хоолыг амтлах боломж тэдэнд олддог байна.

Тоглолтын завсарлагаар тэд цугласан олон улсын хөгжөөн дэмжигчидтэй уулздаг. Бразилын мянга мянган фанат, Норвегийн хөгжөөн дэмжигчдийн алдарт “Викинг завь” баярын хөдөлгөөн зэрэг дэлхийн аваргын өнгө төрхийг ойроос мэдэрч байгаа аж. Остин хамгийн сайхан хэсэг нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн фанатуудтай уулзах гэжээ. “Хамгийн гайхалтай нь би заримдаа Таймс-скверийн яг төвд, хүмүүс намайг харж байгааг мартчихдаг. Тоглолтод 10-15 минут бүрэн автчихаад баруун талаа харахад Кевин болон эргэн тойронд байгаа олон хүмүүсийг хараад энэ бүхэн бодит гэдгийг ойлгодог” гэж тэр ярьсан байна.

Тэд ямар баг аварга болох эсэх дээр өөр өөр таамагтай байна. Кевин Испанийн шигшээ баг аваргын цом өргөх магадлалтай гэж үзэж байгаа ч өөрийн гарал үүсэлтэй холбоотойгоор АНУ болон Ганын багуудыг дэмжиж байна. Харин Остин Норвегийн өмсгөл өмсөж байгаа. Тэр Норвегийг хувийн шалтгаанаар бус, багийн тоглолт болон Erling Haaland-ын тоглолтод үндэслэн дэмжиж байгаа аж. “Испани эсвэл Францыг сонгох амархан. Харин Норвеги яг ирмэг дээр байна. Бүх зүйл зөвөөр эргэвэл тэд цомыг авч ч чадна” гэж Остин хэлжээ.

Гэхдээ фанатууд энэ ажлыг мөрөөдлийн ажил гэж харахгүй байна. Норвегийн хөгжөөн дэмжигч Эймунд Лиланд болон түүний 15 настай охин Камиль нар 104 тоглолтыг тасралтгүй үзэх нь “хэтрүүлсэн тун” байж магадгүй гэжээ. Харин 18 настай Мэттью Мендез дэлхийн аваргыг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт үзэх нь илүү үнэ цэнтэй гэж үзсэн байна. Гэсэн ч Кевин, Остин хоёрын хувьд энэ бол спортын хамгийн том баярын төвд хэдэн долоо хоног амьдрах, дэлхийн сая сая фанатын мөрөөддөг зүйлийг ажил болгон хийж буй ховор боломж юм.
Л.Баяр


























































Сэтгэгдэл (1)