
Израилын зэвсэгт хүчин Газын зурваст палестин хүүхдүүдийг зориуд онилон хөнөөж, улмаар палестинчуудын эсрэг геноцид үйлдэж байна гэж НҮБ-ын хараат бус мөрдөн шалгах комисс дүгнэжээ. Комиссын шинэ тайланд Израилын цэргийн ажиллагаа палестин хүүхдүүдэд “урьд өмнө байгаагүй хэмжээний үхэл, шарх, сэтгэл зүйн гэмтэл” учруулсан гэж тодруун тэмдэглэсэн байна.
Тайланд дурдсанаар, 2025 оны аравдугаар сард гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсон ч хүүхдүүд амь үрэгдсээр байгаа бөгөөд Израил олон улсын хуулиар хүүхдүүдийг хамгаалах үүргээ үл тоомсорлосоор байна гэж комиссын дарга Сринивасан Муралидхар мэдэгджээ. Израилын Засгийн газар энэхүү тайланг эрс няцааж, “улс төрийн зорилготой, Израилын эсрэг суртал ухуулга” хэмээн тодорхойлсон байна. Израилын НҮБ дахь төлөөлөгч Данни Данон комиссыг ХАМАС-ын үйлдлийг үл тоомсорлож, зөвхөн Израилыг буруутгаж байна гэж шүүмжилжээ.
Комисс мөн Газад эмнэлэг, эх хүүхдийн эрүүл мэндийн төвүүдэд халдсан явдал хүүхдийн бие бялдар, сэтгэл зүйн хөгжилд ноцтой хор хөнөөл учруулсан гэж дүгнэсэн байна. Түүнчлэн хүмүүнлэгийн тусламж, эм тариа, хүнсний нийлүүлэлтийг хязгаарласан нь хүүхдийн эрүүл мэнд, амьдрах нөхцөлд хүнд цохилт болсон гэжээ.
2025 оны аравдугаар сард АНУ-ын дэмжлэгтэйгээр байгуулсан гал зогсоох хэлэлцээр хоёр жил үргэлжилсэн дайныг зогсоох зорилготой байсан ч бүрэн хэрэгжээгүй гэж тайланд дурдсан байна. Палестины Эрүүл мэндийн яамны мэдээллээр гал зогсоосноос хойш Израилын цохилтуудаар 1000 гаруй палестин хүн, тэдний дотор 250 гаруй хүүхэд амь үрэгджээ.
Тайлан мөн West Bank болон Өмнөд Юурасалим дахь палестин хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл нэмэгдсэн гэж дүгнэсэн бөгөөд Израилын суурьшигчид болон аюулгүй байдлын хүчний үйлдлийг дайны гэмт хэрэг байж болзошгүй гэж үзжээ. Палестин хүүхдүүдийг олноор нь баривчилж, саатуулсан тухай баримтуудыг мөн тайланд оруулсан байна. Эцэст нь НҮБ-ын комисс Израилыг Газ дахь цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоож, олон улсын хуулийн дагуу хүүхдүүдийг хамгаалах үүргээ биелүүлэхийг уриалсан байна.
Л.Баяр


























































