
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д хамгийн содон хөгжөөн дэмжигчдийн нэг нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын иргэн, “Лумумба Веа” хочит Мичел Кука Мбадалинга юм. Түүнийг бусад хөгжөөн дэмжигчид шиг дуулж бүжиглэхийн оронд тоглолтын бүтэн 90 минутын турш бараг хөдөлгөөнгүй зогсдог гэдгээр нь дэлхий даяар таньдаг болсон байна. Тэрбээр ихэвчлэн нэг гараа дээш өргөж, индэр дээр хөшөө мэт зогсдог.
Энэ нь зүгээр нэг үзүүлбэр биш. Харин Конго улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон анхны Ерөнхий сайд Патриша Лумамбад зориулсан хүндэтгэл ажээ.
Түүний зогсдог байрлал нь нийслэл Киншаса хотод байдаг Лумумбагийн хөшөөний дүр төрхийг дуурайсан байдаг. Мболадинга 2013 оноос хойш Конгогийн шигшээ багийг ийм байдлаар дэмжиж эхэлсэн бөгөөд Африкийн Үндэстнүүдийн Цомын тэмцээний үеэр олны анхаарлыг татаж, улмаар “амьд хөшөө”, “Лумумба Веа” хэмээн алдаршжээ.

Тэрбээр ДАШТ-ий эхний тоглолт болох Португалтай 1:1 харьцаатай тэнцсэн тоглолтод оролцож чадаагүй. Учир нь Конгод гарсан Эболагийн дэгдэлттэй холбоотойгоор зорчих хязгаарлалт болон эрүүл мэндийн шалгалтад хамрагдсан байв. Гэсэн ч дараа нь Мексикийн Гвадалахара хотод болсон Колумбын эсрэг тоглолтод ирж, шигшээ багаа дэмжжээ.
Түүний энэ содон дэмжлэг нь хөгжөөн дэмжигчдийн дундах хамгийн хүчтэй бэлгэдлүүдийн нэг болжээ. Бусад хүмүүсийн хувьд эх оронч сэтгэл хөдлөл дуу хоолой, уухайгаар илэрдэг бол Лумумба Веагийн хувьд хөдөлгөөнгүй зогсох нь эх орон, түүх, тусгаар тогтнолын төлөөх хүндэтгэл юм.
Конгогийн шигшээ баг 52 жилийн дараа анх удаа ДАШТ-д оролцож байгаа бөгөөд Лумумба Веа багийнхаа хамгийн танигдсан, бэлгэдэл болсон хөгжөөн дэмжигчдийн нэг болоод байна. Конгогийн супер фен Лумумба Веа тоглолтын турш хөдөлгөөнгүй зогсдог нь улс орныхоо тусгаар тогтнолын баатар Патрис Лумумбад зориулсан хүндэтгэл бөгөөд тэрбээр ДАШТ-ийн хамгийн өвөрмөц хөгжөөн дэмжигчдийн нэг гарцаагүй мөн юм.
Л.Баяр

























































