
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Наадам дөхсөн чинь яаралтай хэлэлцэх хуулийн тоо олон болсон. Энэ их түүхий зүйл болж байгаа юм. Тэтгэвэр, тэтгэмжийн тухай асуудлыг наадам дөхүүлж байгаад хөнгөн хуумгай байдлаар шийдэж болохгүй. Яаралтай горимоор шийддэг ч хууль биш. Бэлтгэлээ сайн хангаж байгаад намар шийдвэл яасан юм бэ.
Хоёрдугаарт, Оюутолгойн таван тэрбум төгрөгийн ашиг 10 орчим жил үргэлжилнэ. Айлтай хамтарч юм хийчихээд, айл юмаа аваад, манайх зөндөө цаастай л үлдэж байна. Харилцан ашигтай байх нөхцөлөө тавиад ашигаа авах хэрэгтэй.
Гуравдугаарт, Наадам дөхсөн энэ үед Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар оруулж ирсэн гэж байгаа юм. Засгийн газар гэхээсээ илүү Г.Дамдинням сайд л хүчилж оруулсан байх. Энэ хуульд АМНАТ-ыг гурав дахин бууруулна гэж оруулж ирсэн. Хэний эрх ашигт үйлчилж байгаа юм бэ. МАН-ынхан баялагтаа эзэн болно гэж өчнөөн жил ярьсан. Гэтэл гадаадынхан манай баялагт эзэн суух нөхцөлийг хуулиар бүрдүүлж өгөхөөр оролдож байна. Наадам дөхсөн үеэр далимдуулж хууль батлах хэрэггүй гэдгийг хэлмээр байна" гэв.


























































