
Ардчилсан нам өнөөдөр 4/11 цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр: “Улс орны эдийн засагт ноцтой асуудал үүссэн тохиолдолд хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх нь зөв. Гэвч наадам дөхөх үеэр олон хуулийг яаралтай горимоор хэлэлцэж, дутуу боловсруулсан, чанаргүй хууль батлах нөхцөл үүсэж байна. Ингэж болохгүй. Тэтгэврийн тухай зэрэг чухал хуулиудыг намрын чуулганаар тайван, нухацтай хэлэлцэх шаардлагатай” гэв.
Мөн тэрбээр “УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн санаачилсан хөрөнгө хураах тухай хууль өргөн баригдаад жил гаруй хугацаа өнгөрсөн ч хэлэлцэгдээгүй байна. УИХ-ын гишүүний өргөн барьсан хуулийн төслийг Засгийн газрын хуулийн төсөл болгох замаар гацаадаг. Энэ хооронд хууль бус үйлдэл, зөрчил үргэлжилсээр байна” гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Түвшингийн санаачилсан тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл мөн адил нэг жил гаруй хугацаанд хэлэлцэгдэлгүй хүлээгдэж байгааг онцоллоо.



























































