Венесуэл улсын хойд хэсэгт лхагва гарагийн орой 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй хоёр дараалсан газар хөдлөлт нэг минутын зайтай болсон нь тус улсад 1900 оноос хойш тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болж бүртгэгдлээ.
Түр үүрэг гүйцэтгэгч Ерөнхийлөгч Делси Родригесийн мэдээлснээр байгалийн гамшгийн улмаас амь үрэгдэгсдийн тоо огцом өсөж, 900 гаруйд хүрсэн бол 3,000 орчим хүн гэмтэж бэртээд байна.
Нийслэл Каракас болон далайн эргийн Ла Гуайра мужид олон тооны өндөр барилга, орон сууц нурж, нуранги дороос хүмүүс тусламж эрэн хашхирсаар байгаа тул аврах багийнхан эрэн хайх ажиллагааг шөнөжин тасралтгүй явуулж байна. Хохирогчдын дунд Испани, Бразил, Хятад, Итали, Португал зэрэг улсын гадаадын иргэд байгааг эх сурвалжууд баталжээ.
Энэхүү байгалийн гамшиг нь тус улсыг урт хугацаанд удирдсан Николас Мадурог зургаан сар орчмын өмнө АНУ-ын зэвсэгт хүчин баривчилснаас хойш улс төрийн тодорхойгүй байдалд байсан Венесуэл улсад хүнд цохилт боллоо.
Өдгөө тус улсад олон улсын тусламж яаралтай хүрч эхлээд байгаа бөгөөд Швейцараас 80 аврагч, 18 тонн тусламжийн бараа ирснээс гадна Нидерланд, Мексик, Эл Сальвадор зэрэг орнуудын тусгай баг, эрэн хайх албаны ноход тусламж үзүүлэхээр газар дээр нь ажиллаж байна.
Мөн АНУ-ын Өмнөд командлалын хошууч генерал Кевин Жаррард Каракас хотноо хүрэлцэн ирж, хүмүүнлэгийн тусламжийг шуурхай зохицуулах ажлыг удирдаж байна.
Эх сурвалж: BBC


















































