
Украины тагнуулын өндөр албан тушаалтан асан, хурандаа Дмитро Козюра ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанд тагнуул хийсэн хэргээр бүх насаар хоригдох ял сонслоо. Тэрбээр өмнө нь Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын даргаар ажиллаж байсан бөгөөд дайны байдлын үед эх орноосоо урвасан хэрэгт гэм буруутай нь тогтоогджээ.
"Харх" хэмээх нууц ажиллагааны үр дүнд тэрбээр Киевийн нэгэн нууц байр ашиглан Оросын талтай холбоо тогтоож, улсын нууцад хамаарах цэрэг болон удирдлагуудын мэдээллийг санхүүгийн урамшууллын төлөө худалдсан нь илэрсэн байна.
Украины Аюулгүй байдлын албаны мэдээлснээр Козюраг анх 2018 онд Вена хотод Оросын тагнуулын алба элсүүлсэн бөгөөд хэдэн жилийн дараа буюу 2024 оны 12-р сард түүнтэй дахин холбоо тогтоожээ. Үүний дараа тэрбээр Украины зэвсэгт хүчний байршил, хөдөлгөөн, зэвсэглэл, дэд бүтэц болон улс төр, цэргийн удирдлагуудын тухай нууц мэдээллийг цуглуулж дамжуулах даалгавар авсан байна. Мөн тэрээр Украины Аюулгүй байдлын албаны командлалын цэгүүдийг тагнаж, Оросын цохилтын үр дагавар, тэр дундаа шархадсан цэрэг, энгийн иргэдийн тоог системтэйгээр мэдээлж байжээ.
Тэрбээр Орос дахь холбогч Юрий Шаталовтай тусгай гар утас болон Wi-Fi төхөөрөмж ашиглан байнга холбоотой байсан нь батлагдсан байна.
Уг хэргийн мөрдөн байцаалтыг Украины Аюулгүй байдлын албаны дарга Василь Малюк удирдсан бөгөөд тэд Козюраг 2025 оны 2-р сард баривчлахаас өмнө түүний алхам бүрийг өдөр шөнөгүй хянаж байжээ. Сонирхолтой нь, Украины аюулгүй байдлын алба түүнийг баривчлахаас өмнө жинхэнэ нууц мэдээлэлд нэвтрэхийг нь хязгаарлаж, харин түүгээр дамжуулан Оросын хүчинд асар их хэмжээний хуурамч мэдээлэл илгээх тактик ашигласан байна.
Украины Ерөнхий прокурор Руслан Кравченко “Украины мөрдөстэй хэн боловч Оросын төлөө ажиллаж эхэлмэгцээ Украины дайсан болно. Ийм хүмүүст зөвхөн хамгийн хатуу шийтгэл л тохирно" хэмээн мэдэгдсэн бөгөөд Киевийн Шевченков дүүргийн шүүхээс түүнд эх орноосоо урвасан болон галт зэвсэг хууль бусаар хадгалсан хэргээр ийнхүү дээд хэмжээний ял оноожээ.
Эх сурвалж: BBC



















































Сэтгэгдэл (1)