
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомыг тоглогч бүрийн мөрөөдөл, улс үндэстэн бүрийн бахархал гэж хэлж болно. Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг ДАШТ-ий финалын дараа багийн ахлагч алтан цомыг толгой дээрээ өргөх мөчийг дэлхий даяар хэдэн тэрбум хүн догдлон үздэг. Гэвч энэхүү алдарт цомын ард олон сонирхолтой түүх нуугдаж байдаг.
Анхны дэлхийн аваргын тэмцээн 1930 онд зохион байгуулагдсан бөгөөд тухайн үед аваргуудад өнөөдрийн бидний мэдэх цомыг бус, "Жюль Римегийн цом" хэмээх шагналыг гардуулдаг байжээ. FIFA-гийн ерөнхийлөгч асан Жюль Римегийн нэрээр нэрлэсэн уг цомыг Бразилын шигшээ баг 1970 онд гурав дахь удаагаа түрүүлснээр үүрд эзэмших эрхтэй болсон юм. Харин үүний дараа FIFA шинэ цом бүтээх шийдвэр гаргаж, олон улсын уралдаан зарласан байна.
Бидний мэдэх шинэ цомын загварыг Италийн уран барималч Сильвио Газзанига бүтээжээ. Түүний бүтээлээс хоёр хүний дүрс дэлхийг мөрөн дээрээ өргөн зогсож буйг харж болно. Энэ нь хүн төрөлхтөн спортын хүчээр нэгдэж, ялалтын оргилд хүрч байгааг бэлгэддэг аж.

Олон хүн ДАШТ-ий цомыг цэвэр алтаар хийсэн гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ цом нь 18 каратын алтаар бүтээгдсэн бөгөөд дотроо хөндий байдаг. Хэрэв бүхэлдээ цул алтаар хийсэн бол 70 гаруй килограмм жинтэй болж, тоглогчид өргөхөд бараг боломжгүй байх байжээ.
Өнөөдрийн ашиглагдаж буй цом ердөө 36.8 сантиметр өндөр, 6.175 килограмм жинтэй. Суурь хэсгийг нь ногоон өнгийн "малахит" чулуугаар чимэглэсэн байдаг бөгөөд энэ нь цомын өнгө үзэмжийг улам тансаг харагдуулдаг. Хэдийгээр хэмжээний хувьд том биш ч дэлхийн хамгийн үнэ цэнтэй спортын шагналуудын нэгэнд тооцогддог.
Сонирхолтой нь, дэлхийн аварга болсон баг жинхэнэ цомыг үүрд авч үлддэггүй. Тэд цомыг дөрвөн жилийн турш хадгалж байгаад дараагийн тэмцээний өмнө FIFA-д буцаан өгдөг. Харин дурсгал болгон алтаар бүрсэн хуулбар цом гардуулдаг уламжлалтай.
Өнөөдөр ДАШТ-ий цомын бодит үнэ цэнийг мөнгөөр хэмжихэд бэрх. Алтны үнэ цэнээрээ хэдэн зуун мянган ам.доллар хүрэх ч түүхэн ач холбогдол, нэр хүнд, бэлгэдлийг нь тооцвол хэдэн арван сая ам.доллараар үнэлэгдэх хэмжээний өв юм. Тиймээс ДАШТ-ий цом бол ердөө алт, чулуугаар хийсэн эд зүйл биш. Энэ бол дэлхийн хөлбөмбөгийн оргил амжилт, үе үеийн тоглогчдын мөрөөдөл, улс үндэстнүүдийн бахархлыг өөртөө шингээсэн спортын ертөнцийн хамгийн эрхэм бэлгэдэл билээ.
Л.Баяр























































