
Гайана улсын эрэг орчимд зорчигч тээврийн онгоц хөмөрч живсний улмаас 27 хүний цогцос олдож, 83 хүн сураггүй хэвээр байна. “MV Barima” нэртэй онгоц нийслэл Жоржтаун хотоос Порт-Кайтумад чиглэн явж байхдаа өнгөрсөн бямба гарагийн орой осолдсон байна. Тухайн үед онгоцонд нийт 179 хүн зорчиж явсан бөгөөд одоогоор 69 хүнийг аварчээ.
Аврах ажиллагааны үеэр хөлөг онгоцыг далайн ёроолоос илрүүлсэн байна. Эрлийн бүсийг 1040 хавтгай дөрвөлжин километр хүртэл өргөжүүлж, хувийн компаниуд, газрын тос, эрчим хүчний салбарын хөлөг онгоцууд болон орон нутгийн загасчид эрлийн ажиллагаанд оролцож байна.
Гайанагийн эрх баригчид ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт эхлүүлжээ. Урьдчилсан байдлаар хөлөг онгоцонд зорчиж явсан хүмүүсийн бүртгэл зөрүүтэй байсан нь эрлийн ажиллагаанд хүндрэл учруулсан байж болзошгүй байна. Мөн хөлгийн ахмад болон багийн дор хаяж нэг гишүүнээс марихуаны хэрэглээ илэрсэн тул цагдаагийн байгууллага тэднийг саатуулжээ.
Гайанагийн Ерөнхий сайд Марк Филлипс осолтой холбоотойгоор байгууллагын түвшинд алдаа гарсан эсэхийг шалгах мөрдөн шалгалт эхлүүлснээ мэдэгдсэн байна. Тэрбээр хайхрамжгүй байдал, албан тушаалын зөрчил эсвэл гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон аливаа этгээд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэж мэдэгджээ.
Аврах багийнхан болон шумбагчид живсэн хөлөг онгоцны орчимд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд сураггүй болсон хүмүүсийн тоо эцэслэн тодорхой болоогүй байна.
Л.Баяр





















































