
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагааг улам эрчимжүүлж, Америкийн цэргүүдийн амь үрэгдсэнтэй холбоотойгоор Тегеранд шинэ цохилт өгөхийг зөвшөөрлөө. Үүний дараа АНУ-ын арми Ираны цэргийн байгууламжуудыг дараалан хэд хэдэн шөнө агаараас бөмбөгдөв. АНУ-ын талын мэдээлснээр, Ираны пуужин, нисгэгчгүй онгоцны агуулах, агаарын довтолгооноос хамгаалах систем, эргийн хяналтын байгууламжуудыг гол бай болгожээ. Цохилтууд нь Ираны Хувьсгалт гвардийн хүчин болон Ормузын хоолой дахь усан тээвэрт заналхийлж буй цэргийн чадавхыг сулруулах зорилготой гэж Вашингтон мэдэгдсэн байна.
Мөргөлдөөн хурцдах гол шалтгаануудын нэг нь Ираны довтолгооны үеэр Иордан дахь АНУ-ын цэргийн баазад хоёр америк цэрэг амиа алдсан явдал байв. Мөн нэг цэрэг сураггүй болсон талаар АНУ-ын Төв командлал мэдээлжээ. Үүний дараа Трампын засаг захиргаа Ираны эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлсэн байна.
Иран ч мөн АНУ болон бүс нутгийн холбоотнуудын байрлалд пуужин, нисгэгчгүй онгоцоор цохилт өгчээ. Ираны довтолгоонд Иордан, Кувейт, Бахрейн зэрэг улс өртсөн бөгөөд бүс нутгийн орнууд агаарын довтолгооноос хамгаалах системээ ажиллуулсан байна. Кувейтийн хувьд усан хангамжийн чухал байгууламжууд халдлагын эрсдэлд орсон нь нөхцөл байдлыг улам ноцтой болгожээ.
Мөн Иран АНУ-ын цохилтын үеэр Хузестан мужид баригдаж буй цөмийн байгууламж өртсөн гэж мэдэгдсэн боловч Олон улсын атомын энергийн агентлаг уг газарт цөмийн материал байгаагүй гэж мэдээлсэн байна. Тус байгууллага талуудыг цаашид мөргөлдөөнийг хурцатгахгүй байхыг уриалжээ.
Мөргөлдөөн Ормузын хоолой орчимд онцгой хурцдаж байна. Дэлхийн газрын тосны тээврийн чухал замын нэг болох тус хоолойн аюулгүй байдалд эргэлзээ үүссэнээр олон улсын зах зээлд газрын тосны үнэ өсөж, дэлхийн эдийн засагт шинэ дарамт бий болжээ. Трампын засаг захиргаа цэргийн ажиллагааны гол зорилгоо Ираны цөмийн зэвсэгтэй болох боломжийг хаахын зэрэгцээ тус бүсийн далайн тээврийг хамгаалах явдал гэж тайлбарлаж байна.
Гэвч Вашингтон, Тегераны хооронд байгуулсан түр тохиролцоо нуран унаснаар дипломат гарц улам хумигдав. Иран АНУ-г тохиролцоог зөрчсөн гэж буруутгаж байгаа бол Вашингтон Тегераныг цэргийн довтолгоогоо зогсоохгүй байна хэмээн мэдэгдэж байна.
Ийнхүү хэдэн сарын турш үргэлжилж буй Иран–АНУ-ын мөргөлдөөн бүрэн хэмжээний бүс нутгийн дайнд шилжих эрсдэл улам нэмэгдлээ. Цэргийн ажиллагаа үргэлжилж, Ормузын хоолойн тээвэр саатсан хэвээр байгаа энэ үед мөргөлдөөн цаашид хэр удаан үргэлжлэх, дипломат хэлэлцээ дахин сэргэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Л.Баяр

















































