
Япон улсын Мацумото хотоос Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэг "Гурвансайхан" нисэх буудалд амжилттай газардлаа.
“Гурвансайхан” нисэх буудалд анхны олон улсын нислэг үйлдсэн талаар “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг, “Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамнаас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлал, олон улсын нислэгийн чиглэл, зах зээлийг өргөжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын стандартын түвшинд хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Өмнөговь аймгийн “Гурвансайхан”, Хөвсгөл аймгийн “Мөрөн”, Ховд аймгийн “Ховд”, Дорнод аймгийн Чойбалсан хотын нисэх буудлуудыг өргөтгөн шинэчилж, олон улсын нислэг хүлээн авах боломжийг бүрдүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Мацумото- Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгийг амжилттай үйлдсэн П.Мөнхжаргал захиралтай "Хүннү Эйр" ХХК-ийн хамт олон, Е190 агаарын хөлгийн нисэх багийн гишүүдэд талархал илэрхийлье” гэлээ.

















































