
“Logan” кинонд Лаура буюу "X-23"-ийн дүрийг бүтээж олны танил болсон жүжигчин Дафни Кин Холливудын урлагийнхны хаалтын үдэшлэгүүдэд бага насандаа хар тамхи хэрэглэх санал авч байсан тухайгаа ярьжээ. Өдгөө 21 настай тэрбээр энэ талаар жүжигчин, хөтлөгч Майкл Розенбаумын “Inside of You” подкастын арваннэгдүгээр сарын 3-нд нийтлэгдсэн дугаарт оролцох үеэрээ илчилсэн байна.
Тэрбээр Холливудад хүүхэд насандаа жүжигчнээр ажиллаж байхдаа насанд хүрэгчдийн архи, согтууруулах ундаа болон хар тамхины хэрэглээг багаасаа харж өссөнөө дурсжээ.
Дафни Кин “Би хаалтын үдэшлэгүүд дээр кокаин хэрэглэх санал авч байсан. Тэр үед би үнэхээр жаахан хүүхэд байсан. 11, 12, 13 настай л байсан байх. Тийм зүйл ямар байдгийг харсан учраас надад огт сонирхол төрөөгүй. Аз болоход би үргэлж татгалздаг байсан” хэмээн ярьсан байна.
Тэрбээр хар тамхи, согтууруулах ундаанаас одоо ч хол байдаг бөгөөд хэзээ ч согтож, шартатлаа архи ууж байгаагүй гэдгээ хэлжээ. Мөн өсвөр насандаа бусдын шахалтаар архи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийхийн тулд аль хэдийн ямар нэг зүйл хэрэглэсэн гэж худал хэлдэг байсан тухайгаа инээмсэглэн дурссан байна.
Жүжигчин бүсгүй мөн “Logan” кинонд хамтран тоглосон Хью Жекманы талаар сайхан дурсамж хуваалцжээ. Түүний хэлснээр Жекман зураг авалтын үеэр хүүхдийн хөдөлмөрийн цагийг хэтрүүлэхгүй байх талаар кино багийнханд анхааруулж, өөрийг нь тав тухтай, аюулгүй орчинд ажиллуулахад анхаарч, эцэг шиг нь халамжилдаг байжээ. Дафни Кин 2017 оны “Logan” киногоор дэлхийд танигдсан бөгөөд хожим “His Dark Materials”, “The Acolyte” цуврал болон “Deadpool & Wolverine” кинонд тоглосон юм.
Л.Баяр















































