
Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын 2026-2027 оны улирлын нээлтийн барилдаан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Энэ удаагийн тэмцээнд үндэсний шилдэг компаниуд болон аймгийн дэвжээг төлөөлсөн нийт долоон баг оролцохоор бүртгүүлсэн бөгөөд нээлтийн барилдаанд зургаан баг гурван учраанд хуваагдан хүч үзнэ.
Тодруулбал, эхний учраанд дархан аварга Н.Батсуурь ахлагчтай “Увс нуур” дэвжээ улсын гарьд М.Лхагвагэрэл ахлагчтай “Эв Монгол” багтай барилдана. Харин улсын даян аварга Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ Скайтел” баг улсын арслан Э.Батмагнай ахлагчтай “М-Си-Эс Энержи” багтай учраа таарчээ.
Гурав дахь учраанд улсын аварга П.Бүрэнтөгс ахлагчтай “Ажнай” баг улсын аварга О.Хангай ахлагчтай “Ховд дэвжээ”-ний багтай өрсөлдөх юм. Шинэ улиралд оролцох багууд тус бүр найман бөхийн бүрэлдэхүүнтэй бөгөөд улсын аварга, арслан, заан, харцага, начин цолтой бөхчүүдээс гадна аймгийн цолтнууд багтсан байна.
Энэ жилийн “Алтан цом”-ын нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг. Түрүүлсэн баг 500 сая, үзүүрлэсэн баг 300 сая, гуравдугаар байр эзэлсэн баг 150 сая, дөрөвдүгээр байр эзэлсэн баг 100 сая төгрөгийн шагнал хүртэнэ. Мөн хэсгийн барилдаанд авсан нэг давааг 250 мянган төгрөгөөр тооцож урамшуулах бөгөөд хэсгийн барилдааны ялалтын шагнал найман сая төгрөг байхаар тогтоожээ.
Ийнхүү үндэсний бөхийн шилдэг хүчтнүүд нэг баг болон өрсөлдөх “Алтан цом”-ын шинэ улирал өнөөдөр эхэлж, эхний гурван учрааны ялагчид тодорно.
Л.Баяр


















































