Монголын үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Academy awards-2013” наадам эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Энэ сарын 16-нд болох уг наадмын нэг онцлог нь дэлгэцийн урлагт сүүлийн жилүүдэд хүч түрэн гарч ирсэн богино хэмжээний кинонуудын шилдгийг шалгаруулах юм. Үүнээс гадна энэ жил эмэгтэйчүүдийн амьдрал, дотоод ертөнц, дүр төрхийг тод харуулсан олон сайн кино бүтээгдсэн учир урьд жил эзэндээ очоогүй Шилдэг эмэгтэй дүрийн шагнал энэ удаа эзнээ олох нь тодорхой юм. 18 төрлөөр шилдэг кино, уран бүтээлчдийг шалгаруулах “Academy awards -2013" наадмын хөтөлбөрт бага зэрэг өөрчлөлт орсон байна.Наадмыг угтан зохион байгуулж буй флаш моб энэ сарын 10-нд УИД-ийн хоёрдугаар давхарт болох бол “Academy awards-2013”-ын нээлтийн үдэшлэгийг 12-нд “Vegas”-т зохион байгуулна. Наадамд нэр дэвшиж буй “Ану хатан”, “Ерөнхийлөгчийн туслах”, “Аравт”, “Дурлалын гэмт хэрэг”, “Big fish”, “Улаан дөрвөлжин” кино 10-15-нд “Өргөө” кино театрын дэлгэцнээ гарах бол богино хэмжээний кинонуудыг 14-нд Монголын Залуучуудын Холбооны хурлын танхимд толилуулах аж.
Харин “Academy awards -2013" наадмын шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулах үйл ажиллагаа 16-ны 19.30 цагаас УДЭТ-т улаан хивсний ёслолоор эхэлнэ.
Дашрамд дурдахад, энэ удаагийн наадамд нэр дэвшиж, шагнал хүртсэн кино, уран бүтээлчдийн танилцуулгыг эмхтгэсэн “Монгол кино” товхимлыг шагнал гардуулах ёслолын үеэр олны хүртээл болгох юм.
Д.Ундрах /24tsag.mn/





















































