
Л.Гансүхийн хувьд батлан даалтад гараад арав гаруй хоног болж байна. Харин түүнтэй хамт шалгагдаж байгаа хүмүүс одоо болтол цагдан хоригдож байгаа билээ.
АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбатын хэлж буйгаар “Л.Гансүх, М.Тулга нарын арван иргэнийг шалгаж байгаа. Тэд “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд улсын төсвөөс мөнгө идээд зогсохгүй зарим компаниудаас ихээхэн хэмжээний мөнгө баримт хийхгүйгээр авч ашигласан нь тогтоогдож байгаа. Улмаар хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг тэдэнтэй өмгөөлөгчийг нь уулзуулахгүй, мөн эрүүдэн шүүсэн зүйл байхгүй” гэдгийг онцоллоо. Цаашлаад Л.Гансүх өмгөөлөгч Ц.Баасандоржийг авч явсан баримт бичгээс ноцтой зүйл илэрсэн учир Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргаад байгаагаа дурдсан юм. Энэ үеэр АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Л.Гансүх нарын хэрэгт яг хэдэн хүнийг шалгаж байгаа вэ?. Цагдан хоригдсон хүмүүсээс гадна гадуур байцаалт өгч байгаа хамсаатнууд байгаа юу?
- Энэхүү хэрэгт дөрөвдүгээр сарын 24-нөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогийн байдлаар арван хүнийг сэжигтэн яллагдагчаар татан шалгаж байна. Үүнээс зургаан хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эдгээр зургаан хүнээс гурван хүн нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийлвэрлэж гаргаад гурван хүнийг цаашид цагдан хорьж байгаа.
-Л.Гансүхийг яг ямар үндэслэлээр шалгаж байгаагаа дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх “Эм Жи Эл Эс Пи” компанид менежерээр ажиллаж байсан н.Хулан нар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байдаг. Энэ санхүүжилтийг 2012 оны 11-р сарын 19-ний өдөр хүлээн авч, Багануур ХХК-тай 2012 оны11 сарын 1-ний өдөр байгуулсан гэрээний дагуу нүүрсийг авахаар болсон. Нүүрсийг тээвэрлэх гэрээг Улаанбаатар төмөр замтай 2012 оны 11.04-ний өдөр “Эм Жи Эл Эс Пи” компанийн захирал Эрдэнэбулган гэх хүн байгуулсан байдаг. Л.Гансүх Нүүрсийг Багануур ХХК-иас авахдаа “Эм Жи Эл Эс Пи” компаниар нүүрсийг шигшүүлэх, ангилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр анхнаасаа тохирсон. Нүүрсийг ангилж шигшихтэй холбоотой нэлээд зардал гарсан. Энэ зардлыг эхний ээлжинд 11.01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу олгоогүй. Өөрөөр хэлбэл Багануур ХХК нүүрс шигшсэн, ангилсны улмаас түлшний зардалд 399,3 сая төгрөгний, шигших тоног төхөөрөмж түрээсэлсний зардлад 63,9 сая төгрөгний хохирол хүлээсэн байдаг. Нүүрсийг эхний гэрээний дагуу нэг тонныг нь 27500 төгрөгөөр багануур ХХК-иас худалдаж авахаар тохиролцсон байдаг. Ингээд энэ гэрээний дагуу ажил явагдаж эхэлсэн.
“Эм Жи Эл Эс Пи” гэх эн компанийг 2010 онд Л.Гансүхийн найз нь Л.Гансүхийн том охинтой нь хамт аж ахуй нэгж үүсгэн байгуулж байсан. Анх байгуулагдахдаа гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Гэтэл үйл ажиллагаа явуулах чиглэлд нь 2012 оны 10-р сард нүүрсний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулна гэж нэмэлт оруулаад, мөн сараас эхлээд Эрдэнэбулган гэдэг хүнийг захиралаар нь томилсон байгаа юм. Энэ хүн бол Л.Гансүхийг Байгаль орчны сайдаар ажиллаж байх үед нь туслахаар нь ажиллаж байсан хүн. Ингээд 2012.11.01-ний өдрийн гэрээний дагуу ажил нь явагдаж Улаанбаатар төмөр замд нүүрс тээвэрлэсний төлбөрийг төлж байсан. Яаж төлсөн бэ гэхээр Багануур ХХК-иас 27500 төгрөгөөр авсан нүүрсээ Улаанбаатар төмөр замд 40000 төгрөгөөр тооцож худалдаад, нэмэгдсэн үнээрээ Улаанбаатар төмөр замд төлсөн тээврийн хөлсний тал хэсгийг хаасан байгаа юм. Ингээд үлдсэн 800 гаран сая төгрөгний төлбөрийг УБ төмөр замд бэлнээр төлсөн дүн харагдаж байдаг. Явцын дунд “Эм Жи Эл Эс Пи” компанийн анхны захирал , Гансүхийн найз, Л.Гансүх нар хоорондоо санхүү мөнгөний асуудал гарч, цаашид “Эм Жи Эл Эс Пи” компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулах талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн.
Тиймээс 2013.09.19-ний өдөр “Эм Жи Эл Эс Пи Ди” гэдэг компанийг шинээр байгуулсан. Өөрөөр хэлбэл түрүүчийн компанийн нэрний ард ганцхан D үсэг нэмээд шинээр аж ахуй нэгж байгуулсан. Улмаар захиралаар нь Даваахүү гэдэг хүнийг томилсон. Энэ хүн бол Л.Гансүхийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед нь туслахаар нь ажиллаж байсан хүн. Ингээд “Эм Жи Эл Эс Пи Ди” болон Багануур ХХК хоёрын хооронд 2013 оны нүүрс нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээг 9.27-ны өдөр байгуулсан. Ингэж байгуулахдаа түрүүчийн буву 2012 оны гэрээний дагуу 27500 төгрөгөөр нүүрсийг худалдаж авна гэсэн үнээрээ байгуулсан. Гэтэл энэ гэрээг байгуулахаас өмнө Багануур ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл 08.08-нд хуралдаад 27500 төгрөгөөр нүүрс худалдах нь хувьцаат компанид ашиггүй, алдагдалтай байна. Тиймээс нийлүүлэх нүүрсний үнийг тонн тутамд нь 39000 төгрөг болгоё гэх шийдвэр гаргачихсан байсан. Ингэж шийдвэр гарсаар байтал Л.Гансүх нар хүчээр түрж урдын адил 27500 төгрөгөөр гэрээ байгуулна гэж төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Багануур ХХК-ийн Гүйцэтгэх захирал нарт нөлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийг дахин хуралдуулж 27500 төгрөгөөр нүүрс нийлүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл Багануур ХХК үргэлжүүлэн алдагдалтай ажиллах гэрээг 09.27-ний өдөр байгуулсан байгаа юм. “Эм Жи Эл Эс Пи Ди” компанийн менежереер Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүнийх нь зөвлөхөөр 2010-2014 онуудад ажиллаж байсан Тулга гэгч ажиллаж байсан. Мөн эдгээр аж ахуй нэгжүүдийн санхүүг хариуцсан ерөнхий нягтлангаар нь Л.Гансүхийн эхнэрийнх нь төрсөн дүүгийн охин ажиллаж байсан байдаг.
-“Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг завшсан гэж байгаа ч энэ мөнгөн дээр их хэмжээний мөнгө завшсан нь нотлогдож байгаа гэлээ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
- 2012,2013 оны гэрээний дагуу нийтдээ 249 мянган тонн нүүрсийг 6,8 тэрбум төгрөгөөр Багануур ХХК-иас худалдаж авсан. Эргүүлээд 2012-2014 онуудад борлуулахдаа 19,9 тэрбум төгрөгөөр борлуулсан байдаг. Борлуулсан үнийг та бүхэн мэдэж байгаа. Иргэдэд нэг тонныг нь 80000 төгрөгөөр борлуулж байсан. Уг асуудлаар Үндэсний аудитын газар шалгалт хийж дүгнэлт гаргасан. Дээрээс нь АТГ-т шалгагдаж эхэлсэнтэй холбоотойгоор шинжээч нарыг томилон ажиллуулж, давхар дүгнэлт гаргуулж асуудлыг нягталж үзлээ.
-М.Тулгын биеийн байдал муу байгаа гэсэн. Цагдан хоригдсон хүмүүсийн биеийн байдал ер нь хэр байгаа вэ?
-М.Тулгын хувьд нарийн мэргэжлийн оношлогоонд орж “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт 18 хоног хэвтэн эмчлүүлсэн байгаа. Улмаар эмч нарын зүгээс М.Тулгыг цаашид цагдан хоригдоход болно. Хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэсэн учраас цагдан хорих хугацааг сунгасан. Түүний хувьд 2010 оноос нурууны бэртэлтэй байсан юм билээ. Харин Мөнгөнтуяагийн хувьд ходоодны үрэвсэлтэй гэж байгаа ч цагдан хоригдох боломжгүй хүнд хэлбэрийнх биш байгаа.
-“Багануур” ХХК-ийн хувьд их хэмжээний хохирол амсаад байгаа гэсэн. Энэ талаар?
-“Багануур” ХХК-ийн хувьд 2.8 тэрбум төгрөгний хохирол хүлээсэн. Мөн эдгээр компаниудаас Л.Гансүх нарын хүмүүс их хэмжээний мөнгө авч хувьдаа ашигласан байж болзошгүй байгаа. Одоогоор хэн хэдэн төгрөг авсныг тодорхойлон хэлэх боломжгүй байна.
-Эргэлт уулзалтыг оруулахгүй байгаа гэх хэл ам их байгаа шүү дээ?
-Эргэлт уулзалтыг оруулж байгаа. Ар гэрийнхэн, өмгөөлөгчдөөс гадна дэмжигч иргэд, зарим гишүүд төлөөлөгчдийг ч оруулж уулзуулсан.
Л.Гансүхийг цагдан хоригдож байх хугацаанд 20 удаа эргэлт орсон бол М.Тулгад 10, Мөнгөнтуяад 21, Э.Төмөрбаатарт есөн удаа, харин Батхуягт 10 удаа эргэлт орсон.
-Энэ хэрэг дээр Үндэсний аудитын дүгнэлтийг гаргаж, шинжээчдийг томилон ажлуулсан гэсэн. Гарсан хариултуудыг танилцуулж болох уу?
-Үндэсний аудитын газраар дүгнэлт гаргуулсан. Тэд зориулалтын бусаар шаардлагагүй зүйл төсвийн мөнгө зарцуулсаныг тогтоосон. Шинжээч нарыг томилон ажлуулж байгаа. Бүр тодруулбал, анхны гэрээг байгуулахын өмнө Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,5 тэрбум төгрөгийн зээл авч ажлыг санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл “Эм Жи Эл Эс Пи” компани анхнаасаа төлбөрийн чадваргүй, энэ үйл ажиллагааг эрхлэх ямар ч боломжгүй байсан. Ингээд төслийн мөнгө болон зээлийн 1,5 тэрбумаар ажлаа эхэлсэн. Ажлын явцад 2012.12.21-ний өдөр Засгийн газрын 24-р тогтоол гарсан. Уг тогтоолоор “Нүүрс” хөтөлбөрийн ажлыг дэмжих, ажилчдын цалин хөлс, бусад зардалд зориулж нийт 854 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдэрлэсэн байдаг. Гэхдээ энэ мөнгө гараагүй байж байхад буюу 2013 оны 08.15-ны өдөр “Эм Жи Эл Эс Пи Ди” компаниас н.Даваахүү болон санхүү хариуцсан н.Мөнгөнтуяа нар хуурамч тайлан гаргаж, Л.Гансүхийн гарын үсэгтэйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эрчим хүчний яам, бусад холбогдох газруудад тайлангууд хүргүүлсэн. Тайланд “Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласаны улмаас “Эм Жи Эл Эс Пи Ди” компани алдагдал хүлээж байна. Тиймээс бидэнд санхүүгийн дэмжлэг үзүүлээч” гэсэн хуурамч тайлан гаргаж хандсанаараа 2013 оны 09-11-р саруудад нийт 854 сая төгрөгийг гаргуулж авсан байгаа юм. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр уг 854 сая төгрөгийг зориулалтын бусаар, шаардлагагүй зүйлд зарцуулагдсан байна гэж үзсэн. Дээрх “Эм Жи Эл Эс Пи Ди” болон “Эм Жи Эл Эс Пи” компаниуд нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд нийтдээ 4 тэрбум 915,6 сая төгрөгний ашигтай ажилласан байна. Мөн 963 сая төгрөгийн хөрөнгийг бэлтгэж авсан байна. Өөрөөр хэлбэл эдгээр хоёр аж ахуй нэгжүүд хөтөлбөрийг хэрэгжүүлснээс алдагдалтай ажилласан гэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Ашгийг нь тухайн хоёр аж ахуй нэгжээр нь ангилж үзвэл “Эм Жи Эл Эс Пи” 3,2 тэрбум, “Эм Жи Эл Эс Пи Ди” 1,6 тэрбумын ашигтай ажилласан байна гэдэг нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.
-Өмгөөлөгч Ц.Баасандоржийг цагдаагийн байгууллагаар шалгуулах болсон гэлээ. Ямар үндэслэлээр вэ?
-Л.Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Ц.Баасандоржийн хувьд Төв аймгийн урьдчилан хорих төвд очихдоо нэгэн баримт үлдээсэн байсан. Түүнийг нь тус хорих төвөөс бидэнд мэдэгдэж шалгуулахад төрийн өндөр албан тушаалтны нэрийг барьсан, ноцтой баримт бололтой байсан. Тиймээс уг баримтыг үндэслээд цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан. Бүр тодруулбал хэн нэгэн сайдын нэрийг барьж уг баримтыг үйлдсэн байсан.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (26)