-
2016 оны 12 сарын 16
Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Овоот” гэдэг газар 45 настай иргэн Б энэ сарын 9-ний өдрөөс хойш сураггүй болсон байна.
Энэ талаар дуудлагыг арвахоёрдугаар сарын 13-ны өдрийн 01:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, ар гэрийн 5 иргэн, 1 автомашин нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайж эхэлжээ.
Өчигдрийн байдлаар Овоот багийн хойд, урд уул, уурхайн кариаруудаар нийт 22 км газар явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүн гараагүй байна.
-
2016 оны 12 сарын 16
Оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг энэ сарын 5-наас арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлнэ гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн ч арилжааны банкууд зээлийн эх үүсвэр орж иргээгүй учир тус зээлийг олгохгүй аж.
Харин өнөөдрөөс эхлэн оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлжээ. Эхний ээлжинд Капитрон болон Голомт банкаар дамжуулан тус зээлийг олгоно гэж албаны эх сурвалж мэдээллээ. Цаашдаа Төрийн банк, ХААН банк, Улаанбаатар хотын банк, ХАС банкаар дамжуулан олгох юм.
Мөн “Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутнууд үндэсний тэтгэлэг буюу 70000 авах боломжгүй хэмээв.
Энэхүү зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой бөгөөд энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгажээ. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой юм.
Зээлд хамрагдах оюутнуудын анхааралд:
-Зээл хүссэн өргөдөл
-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /
-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлэн банкинд хандах юм байна.
-
2016 оны 12 сарын 15
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж байна. Хурлаар “Улаанбаатар Смарт карт” компанийн үйл ажиллагаатай танилцах, нийслэлийн тээврийн салбарын нөхцөл байдлын талаар санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг танилцуулга хийлээ. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өгөгдсөн чиг үүргийнхээ хүрээнд “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, эрх зүйн баримт бичиг, гэрээнүүдийг судалж үзсэн байна. Ажлын хэсэг дараах дүгнэлтэд хүрчээ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн шинэ систем нэвтэрснээр тээврийн хэрэгсэлд тавих бүртгэл, хяналт зохих хэмжээгээр сайжирсан, холбогдох хуулиудын хүрээнд хөнгөлөлттэй зорчсон иргэдийн нөхөн олговрыг хуваарилах болсон зэрэг ахиц гарсан. Гэсэн ч төсөл хэрэгжүүлэгч “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргатай болон Нийслэлийн тээврийн газартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, төсөл хүлээгдэж байсан үр дүнд хүрээгүй гэж ажлын хэсэг дүгнэжээ.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн программ хангамж гэрээнд заагдсан шаардлагын дагуу боловсруулагдаж дуусаагүй, картын хэрэглээ муу, бэлэн мөнгөөр хийгдэж буй төлөлтийн хэмжээ өндөр, хяналт сул зэрэг тулгамдсан асуудал байгааг ажлын хэсгийнхэн танилцуулсан. Мөн ажлын хэсгээс тодорхой хэд хэдэн санал гаргаж байлаа. Үүнд:
Нийтийн тээврийн автобусны үйлчилгээнд зөвхөн цахим картаар зорчих боломжийг судлан үзэж, танилцуулах
2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Дата карт консорциум” хооронд байгуулагдсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-г ирэх оны эхний улиралд багтаан шинэчлэх
Үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй зорчих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт олголт, түүнд тавих хяналтыг сайжруулах зэрэг хэд хэдэн санал танилцууллаа.
Хотын даргын зүгээс 2017 оны 1 дүгээр улиралд багтааж нийтийн тээврийн салбартай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 15
Нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлд буй галт зэвсгийг тоолох “Зэсвэг-2016” арга хэмжээ үргэлжилж байна. Тус арга хэмжээ энэ сарын 20-нд дуусах юм.
-
2016 оны 12 сарын 15
Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, гамшгийн аюулаас эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалдаг нийслэлийн Онцгой байдлын газар 2016 оны шилдгүүдээ тодруулж, ажлаа дүгнэлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн 2016 онд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын 2953 удаагийн дуудлагаар шуурхай ажиллаж, 878 эрдэнэт хүний амь насыг аварч, 3,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гамшгийн аюулаас авран хамгаалж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлж ажиллалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газраас 2016 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчдад шагнал гардуулав.
Нийслэлийн Онцгой байдлын газрын 2016 оны шилдэг удирдах ажилтнаар Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа А.Дашням, Шилдэг мэргэжилтнээр Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн Гамшгаас хамгаалах албад хариуцсан ахлах мэргэжилтэн, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Энхжавын Эрдэнэбаатар, шилдэг байцаагчаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал тйүмртйн улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын хошууч Жовдын Хүдэрчулуун, шилдэг санхүүгийн ажилтнаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Нямын Хажидмаа,шилдэг салааны захирагчаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийн захирагч, онцгой байдлын ахмад Ганхүүгийн Пүрэвтулга, шилдэг бүлгийн даргаар Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн дарга, онцгой байдлын дэслэгч Бат-Өлзийн Баттулга, шилдэг жолоочоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн шатны техникч онцгой байдлын ахлах ахлагч Цэдэвийн Ганжаргал, шилдэг гал сөнөөгчөөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Оюунбилэгийн Оюунболд, шилдэг аврагчаар Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Халтарын Цогбадрах, шилдэг дуудлага хүлээн авагчаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, онцгой байдлын ахлах ахлагч Цэрэндоржийн Баярмаа, шилдэг үйлчилгээний ажилтнаар Нийслэлийн Онцгой байдлын газрын үйлчлэгч Жагдхоролын Цэрэнханд нар тус тус шалгарсан.
Мөн тус газрын онцгой байдлын хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийг “Тэргүүний хамт олон”-оор, онцгой байдлын хурандаа А.Батмөнх даргатай Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийг Хоёрдугаар байранд, онцгой байдлын хурандаа Я.Жаргалсайхан даргатай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийг гуравдугаар байрт шалгаруулж шагнасан.
Жилийн эцсийн ажлаа дүгнэх, шилдэг албан хаагчдаа шагнах арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох оролцож баяр хүргэж мэндчидгээ дэвшүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга н.Даваажаргал нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын мэндчилгээг уншиж, нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газар, ОБЕГ, НИТХ, Нийслэлийн Засаг даргаас онцгой байдлын албыг чадавхижуулахад анхаарч ажилласны үр дүнд алба хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, гамшгийн эрсдлийг даван туулах, аврах, эрэн хайх ажиллагаанд ашиглагдах техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжүүд шинэчлэгдэж үүрэг гүйцэтгэх чадавхи нэмэгдсэнээр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж нэмэгдэж байна.
Энэ жил нийслэлийн төсвийн 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнууд, ард иргэдэд газар хөдлөлт, үер, гал түймэр зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилготой Иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв үйл ажиллагаа эхлүүлсэн.
Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг иргэдийн оролцоотой үр дүнтэй зохион байгуулснаар гал түймэр, ослын тоо, хохирол өмнөх оныхоос 26% буурсан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 15
2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 171,124 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 50,273,779.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 6 хувьцаат компанийн хувьцаа өсч, 10 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа.
-
2016 оны 12 сарын 15
Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл 18 хүний бүрэлдэхүүнтэй. Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Эрүүл мэндийн яамны цахим хурлын танхимд боллоо. Хурлын эхэнд тус зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөөний биелэлт, анхаарах асуудлын талаар нарийн бичгийн дарга Ё.Жаргалсайхан мэдээлэл хийв.
Мөн ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал “Мэдлэгээ түгээцгээе” Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарын үр дүн, газар хөдлөлтийн аюулыг таниулах өдөртэй болох зэрэг асуудал хэлэлцлээ. Түүнчлэн гамшгийн аюулаас хамгаалагдсан “Аюулгүй эмнэлэг”-ийн бодлого үйл, ажиллагаа түүнд шаардагдах дэмжлэг, хамтын ажиллагаа сэдвээр Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа мэдээлэл хийсэн юм.
Хурлын төгсгөлд Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх хэд хэдэн чиглэлээр мэргэжлийн байгууллагуудад үүрэг даалгавар өглөө. Үүнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар хийж буй ажлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээ авах “Мэдлэгээ түгээцгээе” газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарын үр дүнгийн дагуу орон нутгийн хот суурин газрын орон сууц, олон нийтийн зориулалтын газрын барилгын чанарыг шалгаж тодорхойлох ажлыг зохион байгуулах талаар дараагийн хуралд танилцуулах зэрэг хэд хэдэн асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгов.
-
2016 оны 12 сарын 15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон холбогдох албаныхан өнөөдөр Сэлбэ дэд төвийн төлөвлөлт, дэд бүтцийн ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийг 8 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Баянхошуу болон Долоон буудал орчмын Сэлбэ дэд төвийг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд иргэдийг түр суурьшуулах зориулалттай 50 айлын хоёр орон сууцыг барьж, нийслэлд хүлээлгэн өгсөн. Дэд төвийн бүтээн байгуулалт эхлэх үе буюу ирэх дөрөвдүгээр сард газраа чөлөөлсөн иргэдийг энэ орон сууцанд түр суурьшуулах юм байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу дэд төвүүдийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ 50 айлын орон сууц бол дэд төвүүдийг байгуулахад болон гэр хорооллын хямд өртөг бүхий амины орон сууцыг бий болгоход иргэдэд дамжин өнгөрөх сууц болох юм. Өмнөх удирдлагуудын алдааг давтахгүйн тулд 50 блокоор хэсэгчилж уг ажлыг явуулахаар тооцож байгаа. Ирэх хавраас иргэдтэйгээ ярилцаад үнэхээр хүлээн зөвшөөрч газраа чөлөөлөхийг хүссэнийг нь түр суурьших 50 айлын орон сууцанд оруулна. Дэд төв байгуулах ажлын хүрээнд сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвийг цогцоор нь шийдэхээс гадна залуучуудын чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх кино театр зэргийг барина” гэлээ.
Дэд төвүүдийн инженерийн шугамын ажил амжилттай явж байгаа гэв
Харин гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон, тохилог амины орон сууцтай болгох зорилгоор хийж буй ажлынхаа талаар Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн дэд зохицуулагч Б.Мөнхжаргал “Сэлбэ болон Баянхошуу дэд төвийг төвийн дулаанд холбох, дулааны цахилгаан станц барих, ариутгал, татуурга буюу бохир, цэвэр усны шугам тавих ажлыг хийж байна. Ерөнхийдөө бохир, цэврийн шугамын ажил дууссан. Баянхошуу дэд төвийг төвийн дулаантай холбох, Сэлбэ дэд төвд Дулааны цахилгаан станц барих ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ. Төсөлд 350 өрхийг хамруулж байгаа. Баянхошуу болон Сэлбэ дэд төвд “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл маш олон иргэнийг хамруулах боломжтой төсөл юм” гэв.
Энэхүү хөтөлбөр нь эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох зорилготой гэдгийг уг төслийн зохицуулагч Д.Авирмэд онцлон хэллээ. Тэрбээр төслийн нэгдүгээр үе шат буюу Баянхошуу, Сэлбэ төв болон хоёрдугаар шатанд хийгдэх Дамбадаржаа, Дэнжийн 1000-ын дэд төвийн ажлыг Засаг даргад танилцуулсан юм.
Дэд төвийн ажилтай танилцсаныхаа дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хот нэг төвөөс олон төвтэй хот болж өргөжинө. Энэ ажлын хамгийн эхнийх нь Сэлбэ, Баянхошуу дэд төв юм. Энэ ажил нэлээд амжилттай урагшилж байгаа. Одоогоор ариутгах татуургын шугамын ажлыг ерөнхийдөө дуусгаад байгаа юм байна. Ирэх жил дулааны станц барих асуудал бий. Ингээд дэд бүтцийн ажлыг дуусгасны дараа барилгажилтын ажлыг эхлүүлнэ. Дэд төвүүдийг ашиглалтад оруулснаар иргэдийн амьдрах боломж нөхцөл сайжирч, амьдрах тухтай, таатай орчин бүрдэх юм. Иргэдтэй мөн санал солилцож байна. Иргэдийн хувьд өнөө маргаашгүй нүүхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 15
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлаар элэгний С вирусын эмийн дүнд хөнгөлөлт үзүүлэх хувь хэмжээг тогтоожээ.
-
2016 оны 12 сарын 15
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, нийслэл хотод тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх зорилготой “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдаан зохион байгуулсан билээ. Үндсэн 3 сэдвийн хүрээнд явагдсан тус уралдааны шилдгүүдэд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шагнал гардууллаа.
“Ухаалаг Улаанбаатар” сэдвийн гуравдугаар байрт “Magyar trade house” ХХК-ийн “Ухаалаг хот концепт” төсөл, хоёрдугаар байрт ШУТИС-ийн МХТС-ийн Холбооны салбарын багш Г.Хишигжаргалын “IoT суурьтай ухаалаг хотын нэгдсэн сүлжээгээр нийтийн тээврийн хяналт, удирдлагын системийг зохион байгуулах” төсөл, нэгдүгээр байрт “Аметрос технологи” ХХК-ийн “Бие даан ажиллах горимтой ухаалаг автоматжуулалтын Добу системийг ашиглан Улаанбаатар хотын ухаалаг сүлжээг бий болгох” төсөл тус тус шалгарсан байна.
“Цэвэр Улаанбаатар” сэдвийн гуравдугаар байрт иргэн Л.Оюумаагийн “Био филтер” болон “Хийрэв” ХХК, “Монэл” ХХК-ийн “Гэр хорооллын жорлонгийн бохирыг цэвэршүүлж, хөрсийг хамгаалах” төсөл, хоёрдугаар байрт ШУА, ХХТХ-ийн Гарааны технологийн инкубатор ХХК-ийн “Хөрс эрүүлжүүлэх, бохир ус, лагийг цэвэршүүлж, микробиологийн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төсөл, нэгдүгээр байрт “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ болон гишүүн байгууллага “Эко Парк” ХХК-ийн “Улаанбаатар хотын хог хаягдал ангилан ялгалтын менежментийг сайжруулах” “Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн Эко парк” төсөл шалгарчээ.
Харин уралдааны “Аз жаргалтай Улаанбаатар” сэдвийн хоёрдугаар байрт “Од пластик” ХХК-ийн “Бүх төрлийн хаягдал гялгар уут дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төсөл, нэгдүгээр байрт иргэн Э.Зоригтын “1000 төгрөг=Аз жаргалтай Улаанбаатар” төсөл тус тус шалгарсан байна.
Хотын дарга С.Батболд шагнал гардуулах үеэрээ “Энэхүү уралдаанд эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцлоо. Олон сайхан санаа, олон шилдэг бүтээл ирсэн учраас шүүгчид шалгаруулахад амаргүй байсан байх. Уралдаанд ирүүлсэн шинэ санаануудыг нийслэлийн өмнө тулгамдсан асуудал, тэр дундаа агаар, ус, хөрсний бохирдлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт ашиглаж, хамтран ажиллах болно.” гэлээ.
Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хөгжлийн шинэ санал, санаачилгыг дэмжиж байгаагаараа энэхүү уралдаан онцлогтой юм. Уралдааны сонгон шалгаруулалтыг нийслэлийн нутгийн захиргааны газар, агентлагийн дарга нар, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг 4 шалгуур үзүүлэлтийн хүрээнд шүүж, дүгнэжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 15
Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын санхүүжилтээс онц их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг цагдаагийн байгуулагаас шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ.
-
2016 оны 12 сарын 15
Дархан-Уул аймгийн Хонгор суманд малын гоц халдварт цэцэг өвчин илэрсэнтэй холбоотойгоор тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Хонгор сумын олон улсын зам дагуу байрлаж буй цайны газруудад хэрэглэж байгаа махны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар дээрх цайны газруудаас зөрчил илрээгүй байна.
-
2016 оны 12 сарын 15
Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Ж-гийн хонь цэцэг өвчнөөр өвчилж, тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоожээ.
-
2016 оны 12 сарын 15
Шинэ жилийн баяр, тэмдэглэлт ой зэрэг олныг хамарсан арга хэмжээнүүд болох хугацаа ойртож байгаатай холбогдуулан зарим бүтээгдэхүүний үнэ ханш өссөнөөс хямд үнэтэй, хуурамч бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй тул дараах сэрэмжлүүлэг /зөвлөмж/-ийг хүргэж байна.
-
2016 оны 12 сарын 15
МҮБХ-ноос 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит “Их эе”-ийн товыг тогтоон хуралдуулах шийдвэр гаргасан. Тус хурлаар шинэ удирдлагаа сонгох талаар мэдээлэл гараад байгаа.
-
2016 оны 12 сарын 15
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цаг хойшилж эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчлал хийж байгаатай холбогдуулан хуралдааныг дэд дарга Ц.Нямдорж даргалж байна.
Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаад УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж шүүмжлэлтэй хандаж, “Их хурлын бүрэн эрх нь эхлээгүй ирц нь бүрддэггүй УИХ гэж юу байхав. Ингээд суугаад байхад хэн хариуцлагатай болох вэ” хэмээн бухимдаж байв.
Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
-
2016 оны 12 сарын 15
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт албан бичиг хүргүүллээ.
-
2016 оны 12 сарын 15
Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан С.Хавал аймгийнхаа Гаалийн газрын даргаар томилогдохоор нэр нь яригдаж эхэлжээ.
-
2016 оны 12 сарын 15
“Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс”-ийн талаар авах зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
-
2016 оны 12 сарын 15
Ой, хээр, обьектын түймэр их гардаг, мөн хүн ам, аж ахуйн нэгжийн тоо олон, гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулахаар шийдвэрлэв.