Ангийнхантайгаа цэргийн баяр хамт тэмдэглэчихээд маргааш уулзъя гээд гар барин салцгаасан хоёр оюутан зочид буудлын өрөөнд өөрийгөө боомилсон байдалтайгаар олдсон хэрэг энэ сарын 19-нд гарсан. Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” гэх зочид буудалд гарсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Дундговь аймгийн Луус сумын харьяат 21 настай Б, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат 19 настай А гэх хоёр залуу юуны учир амиа егүүтгэх болов. Бид хэргийн мөрөөр сурвалжлага хүргэж байсныг та бүхэн санаж байгаа байх.
Тэгвэл “Их Засаг” их сургуулийн Хууль эрх зүйн ангийн төгсөх курсийн оюутнууд юуны учир амиа егүүтгэх болсон талаар бид нэхэн сурвалжиллаа.
Энэ сарын 19-ны 12:50 цагийн орчимд Баянзүрх дүүргийн “Т” зочид буудлын үйлчлэгч эмэгтэй Нийслэлийн шуурхай удирдлагын төвд “Зочид буудлын өрөөнд хоёр залуу амиа хорлочихсон байна” гэсэн дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид хэргийн газарт буюу зочид буудлын .. өрөөнд ороход нэг нь хананд зурагт тогтоох зорилгоор суурилуулсан төмөрнөөс, нөгөөх нь угаалгын өрөөнийн шүршүүрний хананд тогтоосон гогцоо төмөрнөөс мяндсан уяагаар хоолойгоо боомилсон байдалтай амиа алдсан байна.
Буудлын камерийг шалгахад талийгаач залуус хоёулахнаа буудалд орсон бөгөөд маргааш тооцоогоо хийнэ хэмээн бичиг баримтаа ресепшнд үлдээсэн байжээ.
Улмаар буудалд хоносон хүмүүсийг 12:00 цагт гаргадаг журмынхаа дагуу хаалгыг тогшиход огт хариу өгөхгүй, чимээ ч гарахгүй байжээ. Тэгээд хэсэг хугацааны дараа хаалгыг нь онгойлгоод ортол амиа алдчихсан байсан талаар мэдүүлэгтээ онцолжээ.
Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач Б аав, ээж рүүгээ “Хүүгээ уучлаарай. Хүү нь энэ хорвоогоос явлаа. Миний үхэлд хэн ч буруугүй шүү” гэсэн утга бүхий мессеж бичсэн байсан бол талийгаач А нь найз охинруу мессеж бичиж маш их хайртайгаа хэлжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг оюутнуудыг хүчин хэрэгт шалгагдаж байгаа хохирогчийн ар гэрийнхэн болоод хохирогчоос маш их дарамт ирсэнээс амиа хорлосон байж магадгүй гэж байгаа ч албаны эх сурвалж үүнийг үгүйсгэж байна.
Тэд Баянгол дүүрэгт хэрэгт холбогдоод шалгагдаж байсан нь үнэн ч ямар нэг хүчингийн хэрэг биш гэнэ. Өөрөөр хэлбэл, нэгэн эмэгтэйтэй ёс бус харьцсаны улмаас гомдлын дагуу шалгагдаж байжээ. Түүнээс биш хүчингийн хэрэг, буудал, баар савтай холбоотой асуудал огт биш гэдгийг албаныхан хэлж байна.
Хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа нарын үзэж буйгаар тэд сэтгэл санааны удаан хугацааны хямралын үүднээс амиа егүүтгэсэн бололтой.
Цаашлаад талийгаачдыг зодуулсан байж магадгүй, бүх бие нь хөх няц болсон байсан гэж эх сурвалжууд хэлээд байгаа. Гэвч ангийнхантайгаа уулзаад явах үедээ бусдад зодуулсан гэх шинж тэмдэггүй, эрүүл саруул байсан бөгөөд зочид буудлын агааржуулалт муу өрөөнд амиа егүүтгэсэн учир хавагнаж хөөсөн байх магадлалтай байгаа аж.
Д.Ундрах