“Босоо хөх монгол” хөдөлгөөний залуучууд, дэмжигчид өнгөрсөн амралтын өдөр “Бурхан халдун”-д аялж явж байгаад өвөрмонгол иргэнийг өмнөө сөхрүүлж, бичлэг хийн зураг авсан нь цахим ертөнцөд шуугиан тарьсан. Тэгэхдээ “Босоо хөх монгол”-ын энэхүү үйлдлийг эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлсэн хүмүүс их байгаа юм.
Хийсэн үйлдлийнхээ талаар Улсын харцага Г.Ганхуяг “Өвөрмонголчууд “Дунд овоо” дээр гарчихсан явсантай тааралдаж ”Ах дүү монголчууд ч Монгол улсын иргэн биш болохоор Босго тэнгэрээс цааш нэвтрэх эрхгүй” гэж сануулан тайлбарлаж өглөө. Дагуулж явсан монгол хүнийг нь сэгсийтэл нь ганц алгадаг ойлгууллаа” гэжээ.
Харин “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн “Бид гуравдугаар сарын 28-ны өдөр Бурхан халдун уулын Дунд овоонд тахилга, ёслол үйлдэж явахад тэнд бас өөр олон залуу явж байсан. Тэдний нэг гэнэт “Энд хятад хүн явж байна” гэхэд бид очсон. Тэд хоорондоо хятадаар ярьж байна гэсэн. Харин тэдгээр хүмүүс өвөрмонголчууд байсан учир бид тэдэнтэй ярилцаж ойлголцсон” гээд цахим хуудаснаа тухайн үед хийсэн бичлэгээ оруулжээ.
Тэгвэл эдгээр монголын төлөө гэж омогшдог залуусын хийсэн үйлдэл нь хууль зөрчсөн эсэхийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-“Босоо хөх монгол” хөдөлгөөний залуус бусдыг өмнөө сөхрүүлж, аялаж зугаалах эрхийг нь хязгаарласан байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
-Тухайн үйл явдал Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт болсон. Тиймээс хэрэв шалгагдаж байгаа бол Хэнтийд шалгагдаж байгаа байх. Монгол улсад мөрдөгдөж байгаа хуулиар гадаадын ч бай, дотоодын ч бай иргэний эрхийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг. Юутай тэдгээр залуусыг шалгаж байгаа.
-Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар шалгах үндэслэлтэй вэ?
-Бусдыг илтэд хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, үүнийг бүлэглэж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуультай.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (71)