Өнгөрсөн бямба гаригт дархан цаазат Богдхан ууланд түймэр гарч, нийслэлийн Онцгой байдлын газрьнхныг дайчилж орхив. Тус газрын дөрвөн ангийн 150 гаруй алба хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд тус уулын Жаргалант, Арцатын аманд гарсан түймрийг унтрааж, уржигдар 00.00 цагийн үед цурманд оруулжээ. Хүмүүс арц уугиулан, шашны зан үйл хийж байгаад гал алдсан гэх мэдээлэл байна.
Энэ талаар НОБГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Богдхан уулын 10 гаруй га газар түймэрт шатсан. Цурмыг бүрэн унтраахаар онцгой байдлын 70-аад алба хаагч ажиллалаа. Жаргалантын аманд байдаг айл болон Нүхт рүү түймэр тархахаас өмнө цурманд оруулсан” гэв.
Харин галын шалтгааныг ЦЕГ-аас хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад " Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Богд Хан-Уулын Нүхтийн аманд хээрийн түймэр гарсан. Улмаар Нийслэлийн Онцгой байдлын газрын 64 албан хаагч, 5 автомашин, Богд Хан-Уулын хамгаалалтын захиргаанаас 13 иргэн, нийт 77 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 20:20 цагт цурамд оруулсан. Галын улмаас 80 га газар шатсан. Галыг тус дүүргийн 10 дугаар хороонд оршин суугч 10 настай Б гэгч аялж, зугаалж явахдаа асаагуураар тоглож байгаад алдсан нь тогтоогдож шалгалтын ажиллагаагаа үргэлжилж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/