ХААН банк өөрийн хэргийг шүүхээр ашигтайгаар шийдвэрлүүлэх хүсэлтийг тусгайлан дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханд явуулсан хүсэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ил гаргасан нь багагүй шуугиан тарьж байна.
Тухайлбал, “ХААН БАНК”-наас 2008 оны есдүгээр сарын 29-ны өдөр Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч Ц.Амарсайханд ийм хүсэлт гаргажээ.
Уг хүсэлтэндээ “Хаан банк” шүүхийн байгууллагатай хамтран ажилладаг гэдгээ онцолжээ. Ингэхдээ зээл олгох журмаар хувь нэмэр оруулдаг гэдгээ уг банкны захирал дурдсан нь илтэд шүүгчид нөлөөлөх гэсэн оролдлого байгааг хууль эрхзүйн хүмүүс хэлж байна.
Улмаар шүүгчид хандаж өөрийн банктай холбоотой шүүхийн байгууллагын шийдвэрлэсэн иргэний хэргийг сонирхуулжээ. Ингэхдээ шүүгчийн өөрийн зүгээс уг хэрэгт тусгайлан анхаарал хандуулахыг хүссэн байгаа юм.
Хэдийгээр тэдний зүгээс үнэн зөв, шударга шийдвэрийг гаргаж өгөхөд туслахыг гуйж, шүүгчид нөлөөлөхийг оролдоогүй гэж байгаа ч энэхүү хүсэлт яахын аргагүй шүүгчид нөлөөлөх зүйл болсон гэдгийг жирийн иргэн ч хараад мэдэхээр байна.
Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна
“Орон нутгийн шүүгч ажилтнуудаас ирүүлсэн санал, хүсэлтийг судлан үзээд ШЕЗ-өөс Хаан банктай хамтран бүх шатны шүүгч, ажилтнуудынхаа нийгмийн ахуй орчныг сайжруулах зорилгоор тэдэнд санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, уян хатан нөхцөлөөр зээл олгохоор харилцан тохиролцож, хамтран ажиллаж эхэлсэнээс хойш даруй нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна.
Энэ хугацаанд шүүхийн бүх шатны ажилтнуудад хөнгөлттэй нөхцөлөөр орон сууц, хашаа байшин худалдан авахад нь зориулж ХААН банкнаас 174 шүүгч, ажилтанд 3.5 тэрбум гаруй төгрөгийн зээлийг олгож, тэдний амьдрал ахуйд нь бодитой хувь нэмэр оруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор дээрх ажлуудыг зөвхөн шүүхийн байгууллагатай хамтран зохион байгуулж хэрэгжүүлж байгаа бөгөөд манай хоёр байгууллагын энэхүү хамтын ажиллагаа харилцан үр дүнтэй, эрчимтэй хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг.
Шүүхийн бүх шатны ажилтнуудад хөнгөлттэй нөхцөлөөр орон сууц, хашаа байшин худалдан авахад нь зориулж ХААН банкнаас 174 шүүгч, ажилтанд 3.5 тэрбум гаруй төгрөгийн зээлийг олгож, тэдний амьдрал ахуйд нь бодитой хувь нэмэр оруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор дээрх ажлуудыг зөвхөн шүүхийн байгууллагатай хамтран зохион байгуулж хэрэгжүүлж байгаа бөгөөд манай хоёр байгууллагын энэхүү хамтын ажиллагаа харилцан үр дүнтэй, эрчимтэй хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг.
Цаашид хамтын ажиллагаа маань улам өргөжин тэлж, илүү их нөөц боломжыг ашиглаж ажиллана гэдэгт итгэж байгаа билээ.
Эрхэм шүүгч таньд дээрх өөдрөг сайхан үйлсийг дуулгахын ялдамд, бидний хамтын ажиллагаанд хамааралгүй, манай банктай холбоотой орон нутгийн нэгэн шүүхийн байгууллагын шийдвэрлэсэн иргэний хэргийн хууль бус шийдвэртэй холбоотой асуудлаар хандаж байгаадаа хүлцэл өчье.
Бид та бүхэнд ийнхүү хандаж байгаа нь шүүхийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн санаа зорилго ерөөс агуулаагүй бөгөөд зөвхөн шүүхээр хэргээ үнэн зөвөөр, шударгаар шийдвэрлүүлэх гэсэн дан ганц хүсэл зорилгын үүднээс туслалцаа хүсэж байгаа болно.
...Иймд эрхэм шүүгч таныг уг хэргийг тусгайлан авч үзэж, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалсны үндсэн дээр нотлох баримтыг зөв үнэлж дүгнэн үнэн зөв, шударга шийдвэрийг гаргаж өгөхөд туслахыг хичээнгүйлэн хүсье” гэжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (9)