Цагдаагийн ерөнхий газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим компаниудын эзэд хууль зөрчин, улсын төсвөөс их хэмжээний мөнгийг шамшигдуулсан байж болзошгүй гэх хэргийн талаар мэдээллээ. Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Үйлчилгээнд явдаггүй автобусаа ашиглан нийтийн тээврийнхэн их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэргийг шалгаж эхэлсэн гэсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Төрөөс нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих унааны зардал болох нөхөн олговрыг аж ахуй нэгжүүдэд олгохдоо явсан тоо, цаг, эргэлт зэргээс хамаарч мөнгөн хэлбэрээр нөхөн олговор олгодог. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг тухайн аж ахуй нэгжүүдэд шалгалт явуулахад тухайн автобус үйлчилгээнд гарахдаа бүртгүүлдэг МТ150 гэж GPS/байршил илрүүлэгч/ тоног төхөөрөмжийг нэг машинд олноор байршуулж, нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явж буй мэтээр хуурамч баримт бүрдүүлж тухайн төхөөрөмжийг станцуудад бүртгүүлэх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байна. Энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байна.
-Ямар компаниуд юм бол?
-Нийслэл хотод нийтдээ 21 компани нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа. Үүнээс гурван компани энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1.6 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байна. Энэ дагуу тухайн гэмт хэрэгт холбогдуулан дөрвөн иргэнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан мөрдөн байцаалтыг явуулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)