Гватемал. Хувийн нарийн бичгийн дарга нь гаалийн авлигын хэрэгт холбогдсоны улмаас Гватемал Улсын дэд ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан ба Конгрессоос хүсэлтийг нь дэмжиж албан ёсоор огцров.
Дэд ерөнхийлөгч Роксана Балдетт хийсэн мэдэгдэлдээ, халдашгүй дархан байдал нь мөрдөн байцаалтын ажиллагаанд нөлөөлөх боломжтой учир албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаж байгаа бөгөөд уг хэрэгт холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаанд хамтарч ажиллахаа амлажээ. Огцорсны дараагаар шүүхээс мөрдөн байцаалтын хугацаанд Балдеттийг хилээр гадагш гаргахгүй байх шийдвэр гаргасан юм. Балдетт бол Гватемал Улсаас авлигын хэргийн улмаас огцорч байгаа анхны дэд ерөнхийлөгч бөгөөд прокурор түүнийг энэ хэрэгт шууд холбоотой гэж одоогоор үзэхгүй байгаа юм.
Балдеттийн туслах асан Хуан Карлос Монзон Рожаг гаалийн хяналтыг сулруулахын тулд хээл хахууль авч, улсад олон сая долларын хохирол учруулсан гэж буруутгаж байгаа билээ. Хамгийн сүүлд Монзоныг хилийн чанадад байгааг тогтоосон бөгөөд түүнийг холбогдох байгууллагууд эрэн сурвалжилж байгаа юм. Энэхүү авлигын хэргийн сүлжээнд хувийн хэвшил, татварын байгууллагын удирдлага болон төрийн албан хаагч зэрэг 50 хүн холбогдоод байгаа бөгөөд тэдний 27-г нь прокуророос баривчлаад байгаа аж. Мөн хэрэгт холбогдсон 3 сэжигтнийг суллуулахын тулд нэгэн шүүгчид хээл хахууль өгсөн хэргээр 5 өмгөөлөгчийг прокурорынхон баривчилжээ.
Д.Ундрах /24tsag.mn/