Ардчиллын гэх он жилүүдэд манай залуусын дунд тун муухай гэмээр нэгэн авир араншин шинээр орж ирсэн юм. Тэр нь юу вэ гэхээр хэн нэгэн дээд тушаалын нэгний бөөрөнд намаараа дамжин дэлүү шиг наалдаж байгаад, тун удалгүй доодчуулаасаа дээрэмдэж, хулгайлахаа чухалчлах болсон явдал гэвэл зохилтой. Тэр үедээ ёстой улаан цагаандаа гарна шүү дээ. Тиймээс хожим хойно булхай луйвар, худал хуурмагийн хэдэн давхраас доошоо унахыгаа үл тооно. Өөрөөр хэлбэл дээрэмдэж, луйвардаад хөрөнгө мөнгөтэй л болж байвал юуг ч үл тоон урагшаа зүтгэнэ гэсэн үг. Тэр ч бүү хэл саяхан дэлүү болон наалдаж явсан нэгнийхээ зүг ч шүлсээ нулимах нь энүүхэнд.
Гэтэл саяхан УИХ-ын гишүүн асан нэгэн эрхмийн дарагдаад өнгөрсөн хэргүүдийн заримыг нь сөхөж, тэр ч бүү хэл Авилгатай тэмцэх газрын зүг гомдлын өргөдлөө аль хэдийнэ илгээжээ.
Түүнийг юуны учир АТГ-т өгөв гэдгийг товчхон өгүүлэхийн өмнө бяцхан оршил хэлье. Бид 2008 онд олон жилийн хүсэл мөрөөдөл болсон Олимпийн алт, мөнгөн медалиудыг авсан. Долдугаар сарын 1-ний айхтар зодооны дараа улс орон даяараа тэврэлдэн баярлав. Аваргууд төрсний учир шалтгаан ч олон. Мэдээж аваргуудын хичээл зүтгэл, хөдөлмөр хөлс энэ шалтгаануудын хамгийн их хувийг эзэлж таарна. Бас багш дасгалжуулагч, ивээн тэтгэч байгууллага, ар гэр, аав ээж, ах дүүсийн нь дэмжлэг туслалцаа ч бий. Харин миний хувьд эдгээрээс дутахааргүй хувь нэмрийг клубууд, түүний заал танхим гэж боддог. Бэлтгэлээ хийх маш сайн базаах байр сууц, ордон өргөө онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж хэлэх гээд байгаа хэрэг л дээ.
Тэгвэл хэд хэдэн спортын ордон барих гэж төлөвлөгдөж байсан, угаасаа ч спорттой холбоотой, одоо ч баяр наадмаа хийдэг Төв цэнгэлдэхийн эргэн тойрны газрыг зарим нөхдүүд найз нөхөд, ах дүүтэйгээ хавсайдаж байгаад орон сууцны барилгууд барьж босгон, мөнгө болгоод халаасалчихсан хэрэг сөхөгдөж байгаа аж.
Түүх сөхвөл Төв цэнгэлдэх хүрээлэнг 1990-ээд оны бужигнаанаар хувьчилж, түүний 64 хувийг хот, 36-г нь Т.Нямдаваа нарын дөрвөн хүн цэнхэр тасалбараар худалдаж авчээ. Гэтэл 1990-ээд оны сүүлээр татварын шинэ хууль гарахад Т.Нямдаваа нар хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаад өөрийнхөө 36 хувийг 49 болгож дөнгөсөн байна. Энэ нь зүгээр л бичиг цаасан дээр хэдэн үсэг тавиад Улаанбаатар хотын эзэмших хувиас 13-ийг нь луйвардчихаж байгаа хэрэг юм. Ингэхэд бид Төв цэнгэлдэхэд наадмаа хийхийн тулд жил бүр төлсөн татвараасаа 50-100 сая төгрөг өгдөгийг мэднэ шүү дээ. Тэр мөнгө чухам хаашаа ордогийг бүү мэд. Ямартай ч Төв цэнгэлдэх жилээс жилд нар бороо хаачих юмгүй, бахь байдгаараа барайж суудгийг бид маш сайн мэднэ. Гэтэл, “Даварсаар даварсаар Дагвын орон дээр” гэгчээр Т.Нямдаваа нар нэг л өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмчийн 51 хувийг эзэмшигчээр тодорч, үүнийг Төв цэнгэлдэхийн ТУЗ-ийн дарга, Хотын өмчийн харилцааны газрын дарга нартай хамтран хийсэн нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл луйвардсан гэсэн үг л дээ. Луйвардах бололцоог ч санаатай, санаагүйг бүү мэд Улаанбаатар хотын захиргаа олгосон байдаг. Яагаад гэхээр энэ хугацаанд хот өөрийн өмчөө яав, ийв гэж ганц ч удаа шалгасангүй. Тиймээс дангаараа хуралдаад л өөрсдийнхөө хувийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийсэн мэт материал бүрдүүлэх, хавь ойрынхоо хотын эзэмшлийн газрыг өөрсдийн газар мэтээр мөнгөтэй компаниудад худалдаж байв.
Харин хаа очиж энэ бүхнийг таслан зогсоохоор хотын дарга М.Энхболд анх энэ ажлыг аваад нэлээд хөөцөлдсөн байдаг юм. Хувь эзэмшлээ эргүүлж авах гэж оролдсон гэсэн үг л дээ. Тэрбээр хотынхоо ИТХ-тай хамтран шийдвэр гаргаж, хотын даргын 226 тоот захирамжаар Төв цэнгэлдэхийн 38,2 га газрын 8,2 га-г “Төв цэнгэлдэх” ХХК-д, бусад газрыг Олимпын цогцолбор байгуулах үүднээс Олимпийн хороо, УБ хотын спортын байгууллага, Бэйсболын холбоо, Монголын боулингийн холбоо, Оюунтүлхүүр сан, Скаутын холбоо зэрэг спорт олон нийтийн байгууллагуудад хуваарилсан байдаг юм. Гэвч тэд Төв цэнгэлдэхийн 51 хувийг хуурамчаар эзэмшээд сэтгэл нь ханасангүй. Хотын эзэмшлийн ногоон бүс болох Төв цэнгэлдэхийн ойр орчмын газруудыг хувийн өмч мэтээр дахин хуурамч бичиг баримт бүрдүүлэн газрын наймаа цэцэглүүлэх гэж байтал, хотын захиргаа таслан зогсоосонд асар их хилэгнэж, улмаар тухайн үеийн шүүхийн дарга Батдэлгэртэй хуйвалдан, Хотын захирагчийн захирамж болон спортын байгууллагуудад олгосон газруудыг хүчингүй болгуулсан байдаг.
Энэ мэтээр өөрийн эзэмшлийн газар, хувиа хуурамч бичиг баримт үйлдэн мөнгөтэй компаниудад худалддаг Төв цэнгэлдэхийн захирал Т.Нямдаваа нарт болон шүүхийн өмнө УБ хотын захиргаа хүчин мөхөсдөж байсан нь гайхалтай ч үүний цаана нөгөө л авилга, хээл хахууль, асар их мөнгөний асуудал байгаа нь баримтаар нотлогддог гэдэг юм билээ. Энэ нөхдүүдэд эрүү үүсгэн шалгаж байсан тохиолдол ч байдаг. Даанч тэр үед Авилгатай тэмцэх газар байгуулагдах тухай сураг ч байгаагүй учир захын прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгоод байсны шалтгааныг тайлбарлах шаардлага өнөөдөр алга. Яагаад гэхээр зарим прокурорууд авилга авдаг тухай Хууль зүйн сайд нь шулуухан хэлээд байгаа шүү дээ.
Хүүхэд залуучуудын эх оронч хүмүүжил, хамтач, нийтэч, баатарлаг үйлс бий болгохын төлөө тэмцэгч Олон улсын скаутын холбооны гишүүн Монголын скаутын холбоо, Монголд бо улингийн спортыг үүсгэн байгуулагч Монголын боулингийн холбоо, Нийслэлийн Хан-Уул дүүргийн I хороо нь Төв цэнгэлдэхийн зүүн хойд талд Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар Скаутын ордон, Боулингийн 16 замтай төвийн цогцолбор барих төсөл хэрэгжүүлэхээр 2003 оны тавдугаар сараас эхлэн инженер шугам сүлжээнийхээ асуудлыг шийдвэрлүүлэх, тоног төхөөрөмжийг нь олон улсын дэмжигч байгууллагуудаасаа үнэ төлбөргүйгээр авах гэрээ хэлцэл хийн, барилгын улаан шугам татуулаад хашаа барьж, газар шорооныхоо ажлыг эхлүүлсэн байдаг. Боулингийн холбооны удирдлага л гэхэд хуралдаад Боулингийн Төвийн барилгын ажил эхлүүлэхийн тулд төслийг нь “МСS”, “Хурд”, “Женко”, “Титэм” компанийн удирдлагуудад танилцуулж байжээ.
Яг энд л манай спортынхон буруудсан байдаг юм. Яасан гэхээр энэ төслөө угаасаа сул газар хараад өөрийн эрхгүй шүлс нь асгараад эхэлдэг нөхдөд үзүүлээд шуналыг нь хөдөлгөж орхихгүй юу. Тиймээс л хамтарч спортын төлөө зүтгэе гэсэн санал авсан, одоогийн УИХ-ын гишүүн, сонгогчдоо зүгээр л 20, 20 мянган төгрөг тараагаад татчихдаг Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компани шүүх дээр маргаантай байсан Скаутын холбоо, Боулингийн холбооны газрыг нэг л өдөр авчихсан байв. Гэтэл энэ луйврыг хийсэн захирамжаа тэд маш сайн нууцалсан байдаг.
Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компанид нийслэл хотын “А” зэрэглэлийн ногоон бүсэд байх Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын газрууд, “Жапан тауны” эзэмшил газрын эзэн гадаадын иргэнийг хар тамхины хэрэгт холбогдуулан хөөж гаргаад газрыг нь өөрийн эзэмшилд авсан гэгддэг “Хүннү 2222” хороолол, Төмөр зам дагуух “Хурд-2” хорооллын газрууд ямар тендерээр, яаж очсоныг нь сайн мэдэх хүмүүс байгаа юм билээ.
Н.Данзан
Сэтгэгдэл (9)