Сэлэнгэ аймгийн Баянгол суманд монголчуудын ургамлын тосны хэрэглээний 50 хувийг хангах хүчин чадалтай ургамлын тосны үйлдвэр ашиглалтад орлоо.
“Майнинг тэчч” компанийн “Оргих” ургамлын тосыг Герман рапсын үрээр Монголд тарьж ургуулсан түүхий эдээр үйлдвэрлэж байна.
Өдөрт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр 30 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр сүндэрлэжээ. “Чингис” бондоос 22, өөрийн хөрөнгөөр 10 тэрбум төгрөг гарган гурван жилийн хугацаанд үйлдвэрээ барьсан аж.
Ургамлын тос үйлдвэрлэхэд хаягдал гардаг бөгөөд энэхүү хаягдлаар малын тэжээл, био түлш үйлдвэрлэхээр тус компанийнхан туршилтын журмаар ажиллаж байгаа гэдгийг үйлдвэрийн нээлтийн үеэр холбогдох албаны хүмүүс мэдээлж байв.
Түүнчлэн энэхүү тосыг Рапсаас гаргаж авч байгаа учраас бусад ургамлын тосыг бодвол холестрин багатай гэдгийг үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа.
“Оргих” ургамлын тос зах зээлд 2600-2800 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах юм байна.