Баянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан талаар бид өчигдөр мэдээлсэн.
Улсын мөрдөн байцаах газар хар тамхины хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг шалгаж эхэлсэн бөгөөд Х.Тамирыг тус хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн анх түүнийг илрүүлж, улмаар Улсын мөрдөн байцаах газрын хар тамхитай тэмцэх хэлтэст шилжүүлжээ.
Тэрбээр ажилд ороод удаагүй байсан аж. Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү гэдгийг албан бус эх сурвалж мэдээлэв.
Д.Хувьтөгөлдөр нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, АН-ын ахмад гишүүн юм.
Түүнчлэн прокурор Х.Тамирын төрсөн дүү нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг шүүгч ажээ.
Харин Тээврийн прокурорын газар нь нийт 14 прокурор, 10 ажилтны орон тоотойгоор ажилладаг байна.
Улсын нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өөрсдөө хэрэгт холбогдсон нь нийгэмд багагүй шуугиан дэгдээх нь. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан, шүүгчийн ах хар тамхины хэрэгт холбогдсон нь ч олны анхаарлыг ихээр татаж байна.
Хэргийн талаар ЦЕГ болоод Прокурорын холбогдох албаны хүмүүсээс тодруулахад "Энэ хэргийн талаар мэдэхгүй. Мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өгсөн юм.
Албаныхны зүгээс уг хэргийг ихэд нууцалж байгаа ч эх сурвалжууд уг мэдээллийг баттай Х.Тамираас гадна хэд хэдэн хүн ч шалгагдаж байгааг онцолсоор байна.
Өмнө нь прокурорууд ямар нэг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад болсон, эрх мэдлээ давуулан хөндлөнгөөс хэрэгт нөлөөлсөн гэх мэтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Тэгвэл энэ удаад бүр өөрсдөө хэрэгт холбогдоод авчээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (31)